Хагас шигшээд Нэгдсэн Улсын теннисчид шалгарлаа



АНУ-ын Нью-Йорк хотын Билли Жин Кингийн нэрэмжит Үндэсний теннисний төвд энэ оны сүүлчийн Их Дуулга тэмцээн болох US Open тэмцээн үргэлжилж байна. Тэмцээн энэ амралтын өдөр өндөрлөх бөгөөд эмэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисдийн нэрс тодорлоо.

Хагас шигшээд тус тэмцээний 2 удаагийн цомын эзэн, Их Дуулга тэмцээний 7 удаагийн аварга В.Уилльямс, чансааны №15 М.Кейс, чансааны №20 К.Вандевеге, чансааны №83 С.Стивенс нар шалгараад байна. Тэд бүгд АНУ-ын теннисчид бөгөөд энэ нь US Open тэмцээний түүхэнд бас нэгэн онцлог амжилт болж байна. Тэртээ 1979 оны US Open тэмцээний хагас шигшээд АНУ-ын теннисчид болох К.Эверт, М.Навратилова, Т.Остин, Билли Жин Кинг нар шалгарч байжээ. Ийнхүү 38 жилийн дараа АНУ-ын теннисчид хагас шигшээд шалгарч байна.

Ямартаа ч энэ удаагийн US Open тэмцээнд АНУ-ын буюу эзэн орны теннисчин түрүүлэх нь тодорхой болж байна. Эдгээр 4 теннисчдээс өдгөө 37 настай В.Уилльямс ганцаараа Их Дуулга тэмцээний цомыг өргөж байсан. Харин бусад 3 теннисчдийн хувьд Их Дуулга тэмцээний карьертаа 2 дахь удаагаа хагас шигшээд шалгарч байна. В.Уилльямсаас бусад 3 теннисчин гурвуулаа 23-25 насны бүсгүйчүүд юм.

Хагас шигшээгийн оноолт:

  • К.Вандевеге – М.Кейс
  • В.Уилльямс – С.Стивенс

В.Уилльямс: 37 настай. Их Дуулга тэмцээнд үзүүлсэн амжилт: Уимблидонд 2000, 2001, 2005, 2007, 2008 онд түрүү, US Open-д 2000, 2001 онд түрүү

М.Кейс. 22 настай. Их Дуулга тэмцээнд үзүүлсэн амжилт: Австралийн нээлттэй тэмээнд 2013 онд хагас шигшээд шалгарсан.

С.Стивенс. 24 настай. Их Дуулга тэмцээнд үзүүлсэн амжилт: Австралийн нээлттэй тэмцээнд 2013 онд хагас шигшээд шалгарсан.

К.Вандевеге. 25 настай. Их Дуулга тэмцээнд үзүүлсэн амжилт. Австралийн нээлттэй тэмцээнд 2017 онд хагас шигшээд шалгарсан

 

   

 `



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн