Улирлын өмнө: Чикаго Блэйкхаукс баг



  • Бүс: Өрнөд бүсийн Төвийн дивизион
  • Хот: Чикаго хот
  • Байгуулагдсан он: 1926 он
  • Амжилтын түүх: Стэнлийн цомыг 6 удаа хүртсэн (1994, 1938, 1961, 2010, 2013, 2015)
  • Өнгөрсөн улирлын амжилт: 50 хожил, 23 хожигдол, 9 ОТ хожигдол, нийт 109 оноо авч 30 багаас 3-т орох амжилтыг үзүүлсэн. Бүсээ нийт оноогоор тэргүүлсэн.
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: 1-р шатанд Нэшвилл Предаторс багт 0-4 харьцаатай хожигдож улирлаа өндөрлүүлсэн.
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: П.Кейн 89 оноо авсан.
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: П.Кейн гоол оруулсан.
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: П.Кейн 43 гоолын дамжуулалт өгсөн
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: жигүүрийн тоглогч А.Панарин (Колумбус Блю Жакетс руу), хамгаалагч Н.Яльмарссон (Аризона Койотис руу), төвийн тоглогч М.Крюгер (Каролина Харрикейнс руу), хамгаалагч Ж.Одуйя (Оттава Сенаторс руу), төвийн тоглогч Д.Расмуссен (Анахайм Дакс руу)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогчид: жигүүрийн тоглогч П.Шарп (Даллас Старсаас), төвийн тоглогч Л.Боума (Калгари Флаймзаас), жигүүрийн тоглогч Б.Саад (Колумбус Блю Жакетсаас), хаалгач А.Форсберг (Колумбус Блю Жакетсаас), хамгалагч К.Мёрфи (Аризона Койотисоос), төвийн тоглогч Л.Даупин (Аризона Койотисоос)

ҮХЛ-н анхны багуудын нэг “Салхит” хотын Чикаго Блэйкхаукс баг энэ зун тун сонирхолтой наймаа хийсэн. “Орос талх” А.Панаринг Колумбус Блю Жакетс баг руу явуулсан. Уг нь өнгөрсөн 2 улиралд Чикаго Блэйкхаукс багийн П.Кейн-А.Панарин гэсэн хослол тун гайхалтай тоглолтыг үзүүлж байсан. А.Панарин 2015 оноос Чикаго Блэйкхаукс багт 2 улирал тоглохдоо П.Кейнтэй хослон хамтдаа 346 оноог авсан. 2015-2016 оны улиралд П.Кейн “Арт Росс Трофи”-г хүртэхэд А.Панарины туслалцаа маш их байсан. Тэд хамтдаа 2 улирал тоглохдоо багаа оноо авалт болон гоолоороо тэргүүлж байсан. А.Панаринг энэ зун багаа орхиход Чикаго Блэйкхаукс багаас хамгийн их сэтгэл дундуур байсан тоглогч нь П.Кейн байсан. Тэрээр “бага зэрэг сэтгэл дундуур байна. учир нь бид өнгөрсөн 2 улирал үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Бид хамгийн сайн ойлголцож, хамтдаа тоглоход үнэхээр амар байлаа” хэмээн ярьж байсан юм.

Гэхдээ багийн удирдлагууд сүүлийн 2 улирал плэй-оффын 1-р шатыг давж чадахгүй байгаадаа сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Иймд багийн хуучин тоглогчдоо эргүүлэн авчирсан. П.Шарпыг Даллас Старсаас буцааж авчирсан бол Б.Саадыг мөн Колумбус Блю Жакетс багаас эргүүлэн авчраад байна. Б.Саад болон П.Шарп нар Чикаго Блэйкхаукс багийн хамтаар Стэнлийн цомыг өргөж байсан тоглогчид. Иймд Чикаго Блэйкхаукс багийн удирдлагууд Стэнлийн цомын төлөөх дайралтаа хийхийн тулд багийн хуучин, хашир туршлагатай тоглогчдоо эргүүлэн авчирч байх шиг байна. Тэд хоюул зүүн жигүүрт тоглодог бөгөөд Б.Саад гарааны буюу ТОП лайнд багийн ахлагч Й.Тэйвз болон Р.Паник нартай гарах бол 2-р лайнд П.Шарп, А.Анисимов болон П.Кейн гэсэн довтолгооны шугам бүрдээд байна.

Багийн хамгаалалтанд мэдээж Б.Сийбрүүк, Д.Кейт гэсэн хоёр мундаг нэр бий. Тэдэн дээр нэмээд хэд хэдэн ид залуу насан дээрээ ирж буй хамгаалагч ирсэн. Чех залуу Й.Рутта, Д.Мёрфи нар багийн хамгаалалтанд хүч нэмж чадах байх. Багийн ерөнхий менежер С.Боуман “бид багтаа дахин шинэ сэтгэл хөдлөл, уур амьсгалыг бий болгохыг хичээж байна. Б.Саад, П.Шарп нар эргэн ирсэнээр бид дахиад Стэнлийн цомын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлэхэд бэлэн болж байна” хэмээн ярьжээ. Магадгүй П.Шарп, Б.Саад нартай байхдаа Стэнлийн цомыг удаа дараа хүртэж байсан нь энэ зун ийм наймаа хийхэд хүргэсэн болов уу? Чикаго Блэйкхаукс баг ямар ч байсан ирэх улиралд аваргын төлөө өрсөлдөх амбицтайгайгаар шинэ улиралтай золгож байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн