Улирлын өмнө: Колумбус Блю Жакетс баг



  • Бүс: Дорнод бүсийн Метрополитиан дивизион
  • Хот: Колумбус хот
  • Байгуулагдсан он: 2000 он
  • Үзүүлсэн амжилт: одоогоор хүртсэн цом байхгүй
  • Өнгөрсөн улирлын амжилт: 50 хожил, 24 хожигдол, 8 ОТ хожигдолтойгоор 108 оноотой ҮХЛ-н 30 багаас 4-т орох амжилт үзүүлсэн
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: 1-р шатанд Питтсбург Пингвинс багт 4-1 харьцаатай хожигдсон
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: К.Аткинсон 62 оноо авсан
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: К.Аткинсон 35 гоол оруулсан
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: А.Веннберг 46 дамжуулалт өгсөн
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: жигүүрийн тоглогч Д.Кларксон (Лас Вегас Найтс бар руу), жигүүрийн тоглогч Б.Саад (Чикаго Блэйкхаукс руу), хаалгач А.Форсберг (Чикаго Блэйкхаукс руу), төвийн тоглогч С.Ганье (Ванкувер Кэнайкс руу), хамгаалагч К.Куинси (Миннесота Уайлд руу)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогч: жигүүрийн тоглогч А.Панарин (Чикаго Блэйкхауксаас), жигүүрийн тоглогч Т.Мотте (Чикаго Блэйкхауксаас), төвийн тоглогч Ж.Шредер (Миннесота Уайлдаас), хамгаалагч К.Гаунсе (Питтсбург Пингвинсээс)

Өнгөрсөн улиралд сюрприс байж чадсан баг бол яалт ч үгүй Колумбус Блю Жакетс баг байсан. Тэд багийнхаа 17 жилийн түүхэнд хамгийн өндөр оноо буюу 108 оноо авч бүсийнхээ 3-р плэй-оффт шалгарсан. Энэ амжилт бол дасгалжуулагч Ж.Тортореллатай салшгүй холбоотой. Ж.Торторелла 2015 онд ирсэн эхний жилээ плэй-оффт багаа гаргаж чадаагүй бол өнгөрсөн улиралд бахдам амжилт үзүүлж плэй-оффт шалгарсан. Энд плэй-оффын 1-р шатанд Питтсбург Пингвинс багт хожигдсон асуудал бол өөр асуудал юм.

Ж.Торторелла энэ багийг аваад 2 жил удирдахдаа багийн үндсэн суурийг тэр чигт нь үлдээсэн. Өөрөөр хэлбэл багийн тулгуур болсон тоглогчид болох К.Аткинсон, Н.Фолиньо, А.Веннеберг, Б.Дубински, Б.Женнер, В.Карлссон, С.Жонес, Д.Савар, С.Хартнелл болон С.Бобровский нарыг дурьдаж болно. Ялангуяа багийн ахлагч Н.Фолиньо, А.Веннеберг болон Б.Дубински нарыг дасгалжуулагч Ж.Торторелла тоглуулж чадсан. Багийн ахлагч Н.Фолиньогийн хувьд повер-плэй тоглолтонд тун сайжирсан. Түүний повер-плэйд сайн тоглосон тоглолтын ачаар Колумбус Блю Жакетс баг ҮХЛ-н 30 баг дотроо повер-плэйг амжилттай болгосон амжилтаараа эхний 10-т багтсан. Энэ бол Н.Фолиньогийн сайн тоглолтын үр дүн байсан юм. Дээр нь Швед төвийн тоглогч А.Веннеберг хэмээх авъяаслаг төвийн тоглогч аль хэдий нь лигийн шилдэг төвийн плэймэйкр болоод байна. Үүнийг өнгөрсөн улиралд багийнхандаа 46 гоолын дамжуулалт өгсөнөөс харж болно. Эдгээр тоглогчдоос гадна хаалгач Орос залуу С.Бобровский улирлын турш үнэхээр гайхалтай байсан. Тэр улирлын турш 93%-тай хаалгаа манаж, ҮХЛ-н 30 багийн бүх хаалгачдаа тэргүүлж “Везина Трофи” цомын эзэн болсон. 2016-2017 онд Колумбус Блю Жакетс хаалгач С.Бобровский шилдэг хаалгач, дасгалжуулагч Ж.Торторелла шилдэг дасгалжуулагчаар шалгарсан бол ахлагч Н.Фолиньо “Марк Мессье Приз”, “Кинг Клэйнси Трофи”-г тус тус хүртсэн. Н.Фолиньо бол багаа гайхалтай удирдаж, үлгэрлэж чадсан учраас дээрх хоёр цомын эзэн болсон.

Ирж буй улиралд Ж.Тортореллагаар удирдуулсан Колумбус Блю Жакетс баг илүү амжилт үзүүлэх нөөц боломж байгааг харсан учраас том амбицтай улирлыг эхлүүлнэ. Колумбус Блю Жакетс баг ойрын үедээ драфт харах шаардлагагүй байгаа. Тэдэнд боломж, нөөц байгаа гэдгийг өнгөрсөн улирлын тоглолт харуулсан. Мөн энэ багт Оросын авъяаслаг залуу А.Панарин ирээд байна. Харин А.Панаринд П.Кейн мэт шилдэг хамтрагч нь хэн байх бол? Эхний сонголт бол А.Веннеберг юм. Гарааны лайнд А.Панарин-А.Веннеберг-Ж.Андерсон гэсэн залуус байж болох магадлалтай. Бас К.Аткинсон-Б.Дубинскиф-Н.Фолиньо гэсэн багийн тулгуур болсон хүчирхэг гараа ч байж болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн