Улирлын өмнө: Миннесота Уайлд баг



  • Бүс: Өрнөд бүсийн Төвийн дивизион
  • Хот: Сент-Паул хот
  • Байгуулагдсан он: 2000 он
  • Амжилтын түүх: 2008 онд дивизионы аварга болж байсан
  • Өнгөрсөн улирлын амжилт: 49 хожил, 25 хожигдол, 8 ОТ хожигдолтой, нийт 106 оноо авч ҮХЛ-н 30 багаас 5-д орох амжилт үзүүлсэн
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: Плэй-оффын 1-р шатанд Сент-Лиус Блюс багт 4-1 харьцаатай хожигдсон
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч:М.Гранлунд 69 оноо авсан
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: Э.Стаал 28 гоол оруулсан
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: М.Гранлунд 43 гоолын дамжуулалт өгсөн
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: төвийн тоглогч Ж.Шройдер (Колумбус Блю Жакетс руу), Ж.Поминвилль (Баффало Сабрес руу), М.Санделла (Баффало Сабрес руу)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогчид: М.Кюллэн (Питтсбург Пингвинсээс), К.Куинси (Колумбус Блю Жакетсаас), Т.Эннис болон М.Фолиньо (хоюул Баффало Сабресаас)

Миннесота Уайлд баг гэхээр шууд Фин залуу М.Койву санаанд бууна. Финланд төвийн довтлогч М.Койву Миннесота Уайлд багийг анх байгуулагдаж байхад 2001 онд анх драфтаар сонгогдож 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсээр ирсэн. Миннесота Уайлд багийн ялалт, ялагдлын гэрч бол яах аргагүй М.Койву юм. Тиймээс энэ цаг үеийн багийн бэлэг тэмдэг бол М.Койву.

Өнгөрсөн улиралд багийн удирдлагуудын явуулсан бодлого муугүй үр дүнгээ өгсөн. Тэд өмнөх 2015-2016 оны улирлын дундуур М.Йеогийн ажлыг авч үлдсэн Ж.Торчеттитай улирал дуусгаад гэрээгээ цуцалсан. Ингээд Анахайм Дакст ажиллаж байсан Б.Будрог томилсон. ҮХЛ-н бас л туршлагатай дасгалжуулагчдын нэг Б.Будро эхний жилдээ л багийг гайхалтай удирдаж 106 оноо авсан нь тус багийн түүхэн дэх хамгийн өндөр оноо болсон. Вашингтон Капиталс, Анахайм Дакс багуудад ажиллаж байсан Канад эрхэм ҮХЛ-т 9 жил баг удирдахдаа ганцхан удаа плэй-оффын гадна үлдэж байсан гэвэл ямар их туршлагатай, бас “хатуу самар”-уудын нэг болохыг харж болно. Мэргэжилтнүүд Б.Будрог “орчин цагийн С.Боуман” хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй байх. Тэр 4 улирал дарааллан Анахайм Дакс багийг дивизионы аварга болгож, Вашингтон Капиталс багийг плэй-оффын баг болгож, анх удаа Ерөнхийлөгчийн цом авахад голлох үүрэг гүйцэтгэсан дасгалжуулагч юм. Б.Будро бол яалт ч үгүй энэ цаг үеийн шилдэг дасгалжуулагчдын нэгд зүй ёсоор нэрлэгдэнэ. Мөн багийн “хүн хар зах”-ын бодлого сайн байсан. Тэд нэгэн цагт Каролина Харриканс багийн ахлагчаар тоглож байсан төвийн тоглогч Э.Стаал болон К.Стюарт нарын хэд хэдэн тоглогчдыг багтаа элсүүлсэн нь үнэхээр үр дүнтэй наймаа байсныг тэдний улирлын турш тоглолсон тоглолтоос харж болно.

Ерөнхийдөө энэ улиралд багийн амжилтанд Э.Стаал мэт шууд эерэг нөлөө үзүүлэхүйц тоглогч аваагүй байна. Хийсэн наймаанууд нь ирэх оны драфтын хүлээлттэй тийм л наймаа болсон. Харин багийн удирдлага ирээдүйгээ Н.Нидеррайтер болон М.Гранлунд гэж харж байна. Энэ хоёр залуус хоюулаа жил ирэх бүр үзүүлэлтүүд нь ахиж байгаа. Одоогоос 5 жилийн өмнө Нью-Йорк Айландерс багт гологдож байсан Швейцар залуу одоо бол Миннесота Уайлд багийн чухал тоглогч болоод байна. Мэдээж багийн ахлагч М.Койву нутгийн дүү М.Гранлундад өөрийн чаддаг бүхнээ л зааж байгаа байх. Н.Нидеррайтер-М.Гранлунд гэсэн хослол тун удахгүй лигийн хамгийн аюултай довтолгооны хослол болохыг үгүйсгэхгүй байна.

Энэ багийн бас нэгэн эерэг зүйл байгаа нь тоглогчдын насны баланс юм. М.Койву 34, Э.Стаал 32, З.Паризе 33, Р.Сутэр 32 настай бол Н.Нидеррайтер 24, М.Гранлунд 25, Ч.Койли 25 настай. Багийн түлхүүр тоглогчдын энэхүү насны баланс бол багийн улиралд тогтвортой амжилт үзүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Миннесота Уайлд багийн ойрын ирээдүй гэрэлтэй байна. Лав л байнгын плэй-оффын баг байх нь гарцаагүй, харин цааш хэрхэх нь таашгүй юм. Баг энэ бүрэлдэхүүнээрээ 2-3 жилийн дотор Стэнлийн цом өргөөд байж байхад нэг их гайхахгүй болов уу? Дээр нь тэдний хаалгач Д.Дубникийг мартаж болохгүй. Тэр сүүлийн 2 улирал Бүх-Оддын тоглолтонд оролцоод байгаа. С.Бобровский, Б.Хотбю болон К.Прайс нарын шилдэг хаалгачдын адил яригдах боломж түүнд бий.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн