Улирлын өмнө: Анахайм Дакс баг



  • Бүс: Өрнөд бүсийн Номхон далайн дивизион
  • Хот: Анахайм хот
  • Байгуулагдсан он: 1993 он
  • Үзүүлсэн амжилт: 2007 онд Стэнлийн цомыг хүртсэн
  • Өнгөрсөн улирлын амжилт: 46 хожил, 23 хожигдол, 13 ОТ хожигдолтойгоор дивизионоо тэргүүлж, 105 оноо авсан
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: 1-р шатанд Калгари Флаймзыг 4-0, 2-р тойрогт Эдмонтон Ойлерсыг 4-3 харьцаагаар, бүсийн аваргын төлөө буюу Стэнлийн цомын хагас шигшээд Нэшвилл Предаторс багт 2-4 харьцаатай хожигдсон
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: Р.Гецлаф 73 оноо авсан
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: Р.Ракелль 33 гоол оруулсан
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: Р.Гецлаф 58 гоолын дамжуулалт өгсөн
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: Н.Томпсон (Оттава Сенаторс руу), Й.Бернейр (Колорадо Эйваленш руу), Э.Этим (Аризона Койотис руу)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогчид: хаалгач Р.Миллер (Ванкувер Кэнайксаас), хамгаалагч С.Олекси (Торонто Мейпл Лифсээс), төв Д.Грант (Баффало Сабресаас), М.Лаймбас (Нэшвилл Предаторсоос), хамгаалагч Ф.Бошемен (Колорадо Эвеланшаас)

Өнгөрсөн улиралд Р.Карлайл дасгалжуулагч эргэн ирсэн. Тэр 2007 онд С.Нидермайер, К.Пронгер нараар ахлуулсан Анахайм Дакс багийг удирдан Стэнлийн цомыг хүртэж байсан. Тэгвэл Р.Карлайл хуучин багтаа эргэн ирж дахиад шинэ амжилтын төлөө ажиллахад бэлэн болоод байна. Р.Карлайл эргэж ирсэн эхний улиралдаа багаа плэй-оффын хагас шигшээ хүргэсэн. Гэвч тэд дэд аварга болсон Нэшвилл Предаторс багт хожигдон улирлаа өндөрлүүлсэн. Ямартаа ч Р.Карлайлаар удирдуулсан Анахайм Дакс баг Стэнлийн цомын төлөөх гол өрсөлдөгч байж чадна гэдгээ өнгөрсөн улиралд харуулсан. Одоогийн Анахайм Дакс багийн гол цөм бол Р.Гецлаф болон К.Перри нар юм. Тэд 2007 оны Стэнлийн цом өргөсөн багийн бүрэлдэхүүнд тоглож байсан. Өдгөө тэд багийн гол тулгуур тоглогчид болоод байна.

Энэ улиралд багаас хэд хэдэн тоглогчдыг явуулсан. Багийг орхисон тоглогчдоос багт нөлөөлөхүйц тоглогч байгаагүй. Ерөнхийдөө цэвэрлэгээ явуулсан. Харин багт ирсэн тоглогчдоос хаалгач Р.Миллер болон хамгаалагч Ф.Бошемен нарын наймаа тун боломжийн байсан. 2010 оны “Везина Трофи” цомыг хүртэж байсан Р.Миллер гарааны эрхийн төлөө Ж.Гибсонтой өрсөлдөнө. Анахайм Дакс баг энэ улиралд хаалгачийн байрлалд тун боломжийн болсон. Харин 37 настай ахмад хамгаалагч Ф.Бошемен 2 жилийн дараа 3 дахь удаагаа ирж байна. Канад хамгаалагч Ф.Бошемен 2007 онд Анахайм Дакс багт тоглож байхдаа Стэнлийн цом хүртэж байсан. Мэдээж түүний туршлага багийн залуу хамгаалагчдад хэрэг болох нь гарцаагүй. Ахмад хамгаалагч Ф.Бошеменийг авчирсан Анахаймчууд залуу хамгаалагч К.Фаулертай 8 жилийн 52 сая ам.долларын гэрээ үзэглэсэн. К.Фаулер 2010 оны драфтын 10-р сонголтоор Анахайм Дакс багт ирж байсан. Тэрээр гэрээгээ сунгаснаар 2025 он хүртэл багтаа үлдэж байна.

Анахайм Дакс багийн одоогийн бүрэлдэхүүн бол плэй-оффт тогтмол тоглох бүрэн боломжтой. Хэдийгээр Р.Гецлаф болон К.Перри нарын үзүүлэлт жил ирэх бүр буурч байгаа ч тэдний эрин үе хараахан өндөрлөх болоогүй байгаа. Тэдний хажууд Р.Ракелль хэмээх Швед залуу тэднээс олон зүйлийг сурч байгаа. Р.Ракелль өнгөрсөн улиралд ихэнхдээ энэ хоёр тоглогчтой хамтдаа нэг лайнд гарч тоглож байсан. Энэ жил ч тэд хамтдаа нэг лайнд гарах болов уу? Ер нь Анахайм Дакс багийн тулгуур тоглогчид нь драфтаар сонгож авсан тоглогчид байдаг. Р.Ракелль урд шугаман дахь багийн ирээдүй бол хамгаалалтанд мөн л Швед залуу Г.Линдхольм, Ж.Мэнсон гэх мэт драфтаар авсан авъяаслаг залуус бий. Бүх байрлалдаа жигдхэн хүчтэй Анахайм Дакс баг плэй-оффт бол шалгарах нь ойлгомжтой. Харин дараагийн зогсоол нь хаана байх бол?

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн