С.Стивенс US Open тэмцээний цомыг хүртлээ



Мэргэжлийн талбайн теннисний энэ оны сүүлчийн Их Дуулга болох US Open  тэмцээн хоёр долоо хоногийн турш болж өндөрлөлөө. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө АНУ-ын М.Кейс болон С.Стивенс нар шалгарсан. Тэд хоюулаа Их Дуулга тэмцээний шигшээд анх удаа шалгарч байгаа нь энэ ажээ. Хоёр теннисчин ердөө 2 сет тоглосон бөгөөд С.Стивенс өрсөлдөгчөө илт илүүрхэж анхны Их Дуулга тэмцээний цомоо хүртлээ.

Эхний сетэд С.Стивенс өрсөлдөгчөө 6-3 харьцаатай хожсон бол 2 дахь сетэд 6-0 харьцаатай хожсон. М.Кейс С.Стивенсийн эсрэг юу ч хийж чадаагүй бөгөөд ердөө 3 гэйм авсан байна.

Өдгөө 24 настай С.Стивенс энэ удаагийн US Open тэмцээний чансаанд багтаж чадаагүй байсан. Тэрээр 6 долоо хоногийн өмнө чансааны 957-д эрэмбэлэгдэж байсан бөгөөд чансаанд багтаагүй ч Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн 5 дахь эмэгтэй теннисчин болж байна. С.Стивенс сүүлийн жилийн хугацаанд хөлний бэртлийн улмаас тэмцээнүүдэд төдийлөн оролцож чадахгүй байсан юм. US Open тэмцээний шинэхэн аварга С.Стивенс “би 1 сард хагалгаанд орсон. Хэрвээ намайг хэн нэгэн US Open тэмцээнд түрүүлнэ гэж хэлсэн бол тэр боломжгүй байх байсан” хэмээн ярьжээ.

US Open тэмцээнд 1998 онд АНУ-ын Л.Дэвенпорт түрүүлж байсан бол түүнээс хойш эгч дүү Уилльямсууд 8 удаа түрүүлээд байсан юм. С.Стивенс энэ удаагийн цомыг хүртсэнээр 1998 оноос хойш US Open тэмцээнд түрүүлж буй Нэгдсэн Улсын 4 дэх теннисчин болж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн