Улирлын өмнө: Эдмонтон Ойлерс баг



  • Бүс: Өрнөд бүсийн Номхон далайн дивизион
  • Хот: Эдмонтон хот
  • Байгуулагдсан он: 1972 он
  • Амжилтын түүх: 1984, 1985, 1987, 1988, 1990 онуудад Стэнлийн цомыг хүртсэн
  • Өнгөрсөн улирлын амжилт: 47 хожил, 26 хожигдол, ОТ 9 хожигдолтой 103 оноогоор дивизионы дэд байр
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: 1-р шатанд Сан Хосе Шаркс багийг 4-2-оор хожоод 2-р шатанд 3-4 харьцаатай хожигдсон
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: К.МкДэвид 100 оноо
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: К.МкДэвид 30 гоол
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: К.МкДэвид 70 гоолын дамжуулалт
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: жигүүр Ж.Эберле (Нью-Йорк Айландерс руу), жигүүр Б.Пулио (Баффало Сабрес руу), төв Д.Деарне (Нью-Йорк Рейнжерс руу), жигүүр М.Хендрикс (Виннипег Жетс руу)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогчид: хамгаалагч Й.Овитю (Нью Жерси Девилсээс), жигүүр Ю.Йокинен (Флорида Пантерсаас), жигүүр (Р.Строум (Нью-Йорк Айландерсаас)

Эдмонтон Ойлерс баг гэрэлтэхэд бэлэн болж байна. Багт К.МкДэвид, Л.Драйзайтль хэмээх хоёр авъяаслаг, ирээдүйд бусад багуудад тун аюул тарьж болохуйц хоёр залуус өсөж байна. Канадын баг одоогоос 30 гаруй жилийн тэртээ сэргэн мандаж байсан. Тухайн үед “Агуу Нэгэн” У.Гретцки, М.Мессье нар Эдмонтон Ойлерс багийн манлайлагч нар нь байж багийн түүхэн дэх Стэнлийн цомуудыг авчирсан байдаг. Тэгвэл тэр эрин үеийн К.МкДэвид, Л.Драйзайтль хэмээх залуус авчирахад тун ойрхон байна. Үүнийг илтгэх нэгэн үзүүлэлт бол 1990 оноос хойш тогтмол плэй-оффт шалгарч байгаагүй, тэр дундаа 2007 оноос хойш 10 жил плэй-оффт шалгарч чадаагүй байсан. Энэхүү хар цувралыг К.МкДэвид, Л.Драйзайтль нар өнгөрсөн улиралд эцэс болгож плэй-оффын 2-р шат хүртэл явсан. Мөн 1987 оноос хойш Эдмонтон Ойлерс баг 30 жилийн дараа 100 давсан оноо авсан. Энэ бол яалт ч үгүй К.МкДэвид, Л.Драйзайтль нарын тоглолтын үр дүн байсан юм. Эдмонтон Ойлерс баг 2010, 2011 оны драфтад эхний сонголтыг хийж байсан. Гэвч тэд бодит эерэг нөлөөг хангалттай авчирч чадахгүй байсан. Харин 2015 оны драфтын №1 К.МкДэвид, 2014 оны драфтын №3 Л.Драйзайтль нар багт бүрэн дүүрэн өөрчлөлтийг авчирч байна. Иймд Эдмонтон Ойлерс багийн удирдлагууд багийн ирээдүйгээ К.МкДэвид болон Л.Драйзайтль нартай төлөвлөж байна. Энэ зун К.МкДэвидтэй 8 жилийн 100 сая ам.доллар, Л.Драйзайтльтай 8 жилийн 68 сая ам.долларын гэрээг шинээр үзэглээд байна. Одоо Эдмонтон Ойлерс багаас хийх ёстой ажил бол хөгжөөн дэмжигчдийн хүлээлтийг хэр зэрэг хариулах бол гэсэн асуулт л үлдэж байна. Нөгөө талаар хэтэрхий их хүлээлт энэ багт ирж байна.

Энэ жил баг дээрх хоёр тоглогчидтойгоо гэрээгээ сунгасан. Үүнээс гадна хамгаалагч К.Расселтай 4 жилийн 16 сая ам.долларын шинэ гэрээг үзэглэсэн бол З.Кэйссиан, Э.Грайба нартай гэрээг сунгасан. Баг энэ жил хэд хэдэн тоглогчдыг явуулж бас авчирсан. Гэхдээ ирсэн тоглогчид дунд шууд нөлөөлөхуйц тоглогч хараахан байхгүй байна. Харин Ю.Йокинен тун боломжийн солилцоо болсон. 34 настай Финланд довтлогч Ю.Йокинен Даллас Старс, Каролина Харрикенс, Питтбург Пингвинс, Тампа Бэй Лайтнинг болон Флорида Пантерс багуудад тоглож байсан, плэй-оффын туршлагатай тоглогч. Сүүлд тэр Флорида багийн гол хөдөлгүүрийн нэг байсан. Түүний туршлага залуучуудад хэрэгтэй.

Ирж буй улиралд Эдмонтон хүмүүсээс нэлээн их хүлээлттэй улирлыг эхлүүлж байна. Мэдээж тэд өнгөрсөн улирлын амжилтаа давтах, цаашлаад ахиулахын төлөө, Стэнлийн цомын төлөө өрсөлдөөн үзүүлэх болов уу? Өнгөрсөн улиралд К.МкДэвид нэг дор 3 шагналын эзэн болсон. “Арт Росс Трофи” буюу онооны лидер, “Харт Мемориал Трофи” буюу улирлын үнэ цэнэтэй тоглогч, “Тэд Линдсэй Авард” буюу шилдэг тоглогчоор тус тус шалгарсан. Мөн дасгалжуулагч Т.МкЛеллан оны шилдэг дасгалжуулагчийн өрсөлдөөнд эцсийн 3-т шалгарсан. Энэ бол багийн хувьд ойрын үед хүрээгүй өндөр амжилт болсон юм. Энэ жилдээ биш гэхэд ойрын 2-3 жилийн дотор Стэнлийн цомын финалд шалгарахад нэг их гайхах зүйл байхгүй ийм л баг бүрдэж байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн