Улирлын өмнө: Нью-Йорк Рейнжерс баг



  • Бүс: Дорнод бүсийн Метрополитиан дивизион
  • Хот: Нью-Йорк хот
  • Байгуулагдсан он: 1926 он
  • Амжилтын түүх: 1928, 1933, 1940, 1994 онуудад Стэнлийн цомыг хүртсэн
  • Өнгөрсөн улирлын амжилт: 48 хожил, 28 хожигдол, 6 ОТ хожигдолтой 102 оноогоор ҮХЛ-н 30 багаас 9-д орох амжилтыг үзүүлсэн
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: 1-р шатанд Монерал Канадиенс багийг 4-2-оор хожоод 2-р тойрогт 2-4 харьцаагаар Оттава Сенаторс багт хожигдсон
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: М.Цуккарелло 59 оноотой
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: К.Крайдер 28 гоол
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: М.Цуккарелло 44 дамжуулалт
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: хаалгач А.Раанта, төв Д.Степан (хоюул Аризона Койотис руу), хамгаалагч Д.Жирарди (Тампа Бэй Лайтнинг руу)
  • Энэ улиралд багт ирсэн тоглогчид: хамгаалагч К.Шаттенкирк (Вашингтон Капиталсаас), төв Д.Деарне (Монерал Канадиенсаас), хамгаалагч А.ДеАнжело (Аризона Койотисоос), хаалгач А.Георгиев (TPS багаас), хаалгач О.Павелец (Виннипег Жетсээс)

Байнгын плэй-оффын баг бол Нью-Йорк Рейнжерс. Тэд тогтмол плэй-оффт шалгарч байгаа ч хараахан Стэнлийн цомыг хүртэж чадахгүй л байна. Хамгийн сүүлд 2014 онд Стэнлийн цомыг финалд шалгарсан ч Лос-Анжелес Кингс багт 4-1 харьцаатай хожигдсон. Тухайн жилийн финалд тоглож байсан Р.МкДона, Р.Нэш, М.Цуккарелло, М.Стаал, К.Крайдер, Х.Лундквист, Ж.Фаст нар өдгөө багийн гол тоглогчид болсон. Ялангуяа Норвеги залуу М.Цуккарелло болон К.Крайдер нар шилдэг тоглолтыг үзүүлсээр, чангарсаар байна.

Энэ зун хаалгач А.Раанта, төвийн тоглогч Д.Степан нарыг Аризона Койотс руу явуулж 21 настай залуу хамгаалагч А.ДеАнжело болон 2017 оны драфтын Аризона Койотс багийн Л.Андерссон нарыг авсан. Залуусаар хүчээ нэмсэнээс гадна К.Шаттенкирк хэмээх хамгаалагчийг Вашингтон Капиталсаас авчирсан. Түүнийг багтаа авахын тулд 26.6 сая ам.долларыг төлж, 4 жилийн гэрээ байгуулсан. М.Стаал болон багийн ахлагч Р.МкДона нар дээр хамгаалалтанд хүч нэмж байна. К.Шаттенкирк бол повер-плэй тоглолтонд маш том давуу талыг авчирна. Түүний авч буй оноо ч тогтмол нэмэгдэж байгаа. Түүнийг авчирсан нь повер-плэй тоглолтонд том давуу талыг авчирч байна. Ер нь энэ зун солилцоогоор хамгаалагчдыг түлхүү авчирсан.

Нью-Йорк Рейнжерс бол плэй-оффт шалгардагаараа шалгарна. Урд шагаманд М.Цуккарелло, М.Зибанежад, К.Крайдер, Р.Нэш, Жи.Ти.Миллер, хамгаалалтанд багийн ахлагч Р.МкДона, М.Стаал болон Б.Шей, хаалган дээр Х.Лундквист байна. Мэдээж эд бол энэ цаг үеийн багийн гол тоглогчид. Гэхдээ нэг том асуудал бол хэн багийн лидер төвийн тоглогч вэ гэсэн асуулт юм. М.Зибанежад болон К.Хейз хоёрын хэн нь ТОП лайнд тоглох бол? Өнгөрсөн 7 сарын 25-нд М.Зибанежадтай 5 жилийн 26.7 сая ам.долларын шинэ гэрээ байгуулсан. 27 настай Швед төвийн тоглогч М.Зибанежад 2016 оны зун Оттава Сенаторс багаас ирж байсан. Магадгүй түүнийг ирээдүйн төвийн тэргүүн сонголт гэж үзэж байх шиг байна. Өнгөрсөн улирал хүртэл багийн төвийн №1 сонголт нь Д.Степан байсан. Нью-Йорк Рейнжерс хамгаалалтанд бол тун боломжийн болсон. Харин довтолгооны төвийн тоглогч ажлаа найдвартай, сайн гүйцэтгэж чадвал Стэнлийн цомын шигшээд тоглох боломж энэ багт бүрэн байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн