Карло Анчелотти үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө



Германы Бавари Мюнхэн клубын дасгалжуулагч К.Анчелотти үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр хамгийн сүүлд 2 хоногийн өмнө Аваргуудын лигийн хүрээнд Францын ПСЖ клубтэй тоглож 3-0 харьцаатай хожигдсон. Энэхүү үр дүн нь Итали мэргэжилтэнг ажлаа өгөхөд голлох нөлөө үзүүлсэн байна.

Гэхдээ үүнээс гадна Бундеслигтээ 6 тойргийн дараах байдлаар 13 оноотой лигийн хүснэгтийн 3-р байранд байгаа. Бавари Мюнхэн улирал эхэлснээс хойш Хоффенхайм клубт хожигдож, Вольфсбург клубтэй тэнцсэн. Энэ мэт үзүүлэлтүүд нь багийн удирдлагуудыг ийн алхам хийхэд хүргэж байна. Клубын CEO Карл-Хайз хэлэхдээ “улирал эхэлснээс хойш үзүүлж буй багийн тоглолт тун хангалтгүй байлаа. Сүүлд ПСЖ клубтэй хийсэн тоглолт нь биднийг нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүргэсэн” хэмээн ярьжээ.

Одоогоор багийг В.Саньоль түр удирдаж байна. В.Саньоль 2000-2009 оны улиралд Бавари Мюнхэн клубт тоглож байсан. Итали мэргэжилтэн К.Анчелоттигийн дараах дасгалжуулагчаар Ю.Клопп болон Т.Тухель нарын нэрс яригдаж байна. Гэхдээ Ю.Клопп өдгөө Ливерпүүл клубыг удирдаж байгаа бол хамгийн боломжит хувилбар нь Т.Тухель болж байна. Т.Тухель өнгөрсөн улирлыг өндөрлүүлээд Борусси Дортмунд багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгөөд байгаа билээ.  

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн