Сидни илүү юу? Коннор илүү юу?



ҮХЛ-н шилдэг тоглогчдоос Питтсбург Пингвинс багийн С.Кросби болон Эдмонтон Ойлерс багийн К.МкДэвид хоёрын хэн нь илүү вэ гэсэн асуулт хөвөрч эхлээд байна. Хоёр тоглогчид яах аргагүй энэ цаг үеийн шилдгүүд юм.

Өдгөө 30 настай Пингвинс багийн ахлагч С.Кросби 2005 оны драфтын тэргүүн сонголтоор Питтсбург Пингвинс багт ирж байсан. Эхний улиралдаа плэй-оффт шалгарч чадаагүй ч өөрөө гялалзаж улирлын 81 тоглолтонд оролцохдоо 39 гоол, 63 дамжуулалт өгч 102 оноо авсан. Энэ бол С.Кросбигийн хувьд ердөө эхлэл нь байсан юм. Тэр ҮХЛ дэх 2 дахь улиралдаа жинхэнэ гялалзаж 79 тоглолтонд оролцож 36 гоол, 84 дамжуулалт өгч 120 оноо авсан. Ингээд тэр улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал, онооны лидерийн шагнал зэргийг нэгэн зэрэг хүртэж Бүх-Оддын тоглолтонд оролцсон. Удалгүй С.Кросби багаа Стэнлийн цомд хөтөлсөн юм. Мэдээж энэ цаг үеийн С.Кросби бол хүрэх ёстой оргилдоо хүрчихсэн. Түүнд клуб болон шигшээ багийнхаа хамтаар аваагүй алтан медаль гэж байхгүй, хувиараа мөн хүртэж үзээгүй цом гэж байхгүй. 

Тэгвэл энэ улирал 20 настай К.МкДэвид 2015 оны драфтын №1-ээр Эдмонтон Ойлерс багт ирж байсан. Рүүки улиралдаа 45 тоглолтонд оролцож 16 гоол, 32 дамжуулалт өгч 48 оноо авсан. Энэ бол мундаг үзүүлэлт. Харин өнгөрсөн улиралд тэр 82 тоглолтонд оролцохдоо 30 гоол, 70 дамжуулалт өгч 100 оноо авсан. Ингээд К.МкДэвид ҮХЛ-н 2 дахь улиралдаа үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч мөн онооны лидерийн шагналын эзэн болсон. Үүнээс гдана Тэд Лидсей Авард шагналын эзэн бол Бүх-Оддын тоглолтонд анх удаагаа оролцсон. Өнгөрсөн оны 10 сард багийн удирдлагууд 19 настай залуу тоглогч К.МкДэвидийн багийн ахлагчаараа томилсон. К.МкДэвид 19 нас 266 хоногтойдоо багийн ахлагч болж ҮХЛ-н түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн залуухан ахлагч болж Колорадо Эвеланш багийн Г.Ландескутын амжилтыг эвдсэн юм. Энэ бол түүний их амжилтын зөвхөн эхлэл юм. Залуухан ахлагч К.МкДэвид Эдмонтон Ойлерс багт тоглосон 2 дахь улиралдаа багаа плэй-оффт авчирч чадсан бол өнгөрсөн зун багтайгаа 8 жилийн 100 сая ам.долларын аварга том гэрээ байгуулаад байна.

Ер нь бол драфтын тэргүүн сонголт бүхэн дээрх хоёр шилдэг тоглогчид шиг байж чаддаггүй. Эдмонтон Ойлерс баг 2010 онд Т.Халлыг, 2011 онд Р.Нюжент-Хопкинс нарыг драфтын тэргүүн сонголтоор авч байсан ч тэргүүн сонголтууд С.Кросби, К.МкДэвид нар шиг хурц гэрэлтэж чадаагүй. Мэдээж тэргүүн сонголтууд бол хамгийн шилдгүүд байдаг. А.Овечкин, Ж.Тэйвз, П.Кейн, С.Стэмкос, А.Экблад, А.Мэттьюс гээд шилдэг тэргүүн сонголтууд бий. Ямартаа ч энэ цаг үед ид жагсаж яваа С.Кросби, өсөж ургаж буй К.МкДэвид нар бол хамгийн шилдгүүд нь юм. С.Кросби 3 дарааллан Стэнлийн цом хүртэх үү? К.МкДэвид амжилтаа батлах, цаашлаад ахиулж, багаа амжилтанд хөтлөх үү? энэ бүгдийг харах л үлдлээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн