Шинэ цэрэг Вегас Голден Найтс бэлэн болсон уу?



Хойд Америкийн мэргэжлийн ТОП 4 лигийн нэг болох ҮХЛ ирж буй 2017-2018 оны улиралд нэгэн шинэ багаа өлгийдөн авч байна. Америкийн мэргэжлийн 4 лигийн хамгийн сүүлд 2002 онд Нью-Орлеан Хорнетс (одоогийн Нью-Орлеан Пеликанс) баг сагсан бөмбөгийн лигт, Хьюстон Теханс баг хөлбөмбөгийн лигт нь шинээ элсэн орж байсан. Тэгвэл хоккейн лиг болох ҮХЛ-т Вегас Голден Найтс хэмээх шинэхэн баг элсэн орж байна. Вегас Голден Найтс баг ҮХЛ-т элсэн орсноор Колумбус Блю Жакетс болон Миннесота Уайлдс багуудаас хойш 17 жилийн дараа ҮХЛ шинэ багаа элсүүлж байгаа нь энэ ажээ.

Дасгалжуулагч:

Ж.Галлан хэмээх Канад эрхэм ажиллана. Ж.Галлан тамирчны карьерынхаа ихэнх хугацааг Детройт Ред Уингс багт өнгөрүүлсэн. Харин 2003 оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд Колумбус Блю Жакетс багт 2003-2007 оны хооронд ажилласан ганц ч удаа багаа плэй-оффт хүргэж чадаагүй. Ингээд хэсэг хугацаанд завсарлаад 2014 оны зун Флорида Пантерс багийн дасгалжуулагчаар томилогдсон. Флоридад эхний улиралдаа плэй-оффын гадна үлдсэн бол 2015-2016 оны улиралд плэй-оффт шалгарсан. Харин өнгөрсөн улирлын дундуур ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд өнгөрсөн 4 сард шинэ байгуулагдсан Вегас Голден Найтс багийн дасгалжуулагчаар томилогдоод байна. Өрнөд бүсийн Номхон далайн дивизионоос шинэ цэргүүд плэй-оффт шалгарч чадах болов уу? Дасгалжуулагчийн ур ухаан шийдэх асуудал юм. Гэхдээ Ж.Галлан бол тийм ч арвин туршлагатай, чадварлаг дасгалжуулагчдын тоонд орохгүй.

Хаалгач:

Ж.Галланы мэдэлд М.Флёри, К.Пикард болон М.Сюббан гэсэн хаалгачид бий. Эдгээр хаалгачдаас М.Сюббан мэдүүлэгт хараахан багтахгүй болов уу? Харин М.Флёри болон К.Пикард нар эхний ээлжинд багтаа тус хүргэнэ. Өдгөө 33 настай М.Флёри бол 2003 оны драфтын тэргүүн сонголт, карьерынхаа ихэнх хугацаанд Питтсбург Пингвинс багт өнгөрүүлж 3 удаа Стэнлийн цомын өргөсөн хаалгач. Тэрээр сүүлийн 2 улирал залуу хаалгач М.Мюррейд байр сууриа алдаад байсан юм. Ийм тэрээр энэ улиралд шинэ түүх эхлүүлэхээр Вегас Голден Найтс багт ирээд байна. Мэдээж түүний хувьд багийн гарааны хаалгачаар тоглох боломж бүрэн байгаа. Харин түүнтэй хамт Вегас Голден Найтс багийн хаалгыг манахаар Колорадо Эвеланш багаас К.Пикард ирээд байна. К.Пикард Колорадод С.Варламовын дараагийн сонголт байсан. Тэгвэл энэ удаа М.Флёритэй №1 сонголтын төлөө өрсөлдөх болно.

Хамгааалт:

Б.МкНэбб, Н.Шмидт, Ж.Гаррисон, К.Мюллер, Л.Сбиса, Ш.Теодоре, Ж.Меррилл, Д.Энгелланд гэсэн нэрс бий. Эдгээрээс гадна нийт 10 хамгаалагч багт харъяалалтай байгаа. Дээрх 10 тоглогчдоос эхний ээлжинд дараах 8 тоглогч тоглох бүрэлдэхүүнд багтсан. Ж.Галланы мэдэлд байгаа хамгаалагчдаас тийм ч “том” нэр сонсогдохгүй байна. Эдгээрээс Н.Шмидт багийн хамгаалалтын түлхүүр байх магадлалтай яригдаж байгаа. Шагайны гэмтлийн улмаас Н.Шмидт зуны бэлтгэлд бүрэн хамрагдаж чадаагүй. Харин одоогоор багийн бүрэлдэхүүнд багтсан байгаа бөгөөд багийн менежер МкПей түүний талаар “Тэр сайн байгаа, тоглолт нь ч сайн байгаа” хэмээн ярьжээ. Багийн удирдлагууд Н.Шмидтэй 2 жилийн 4.4 сая ам.долларын гэрээ байгуулсан. Энэ бол түүнд итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл юм. Түүнээс өөр хамгаалагчтай ийм өндөр гэрээ байгуулаагүй.

Довтолгоо:

Энд нэг сонирхолтой явдал болоод байна. Орос залуу В.Шипачевыг ТХЛ-н СКА Петербург багаас авчирч 2 жилийн 9 сая ам.долларын том гэрээ байгуулсан ч үндсэн багийн бүрэлдэхүүнээс хасаад байна. Гайхалтай. И.Марчессо болон Р.Смит нартай ТОП лайнд гарах хэмжээний яригдаж байсан Орос залууг АХЛ руу явуулаад байна. Магадгүй түүнийг ҮХЛ бол ТХЛ-ээс өөр шүү гэдгийг мэдрүүлэх гэсэн юм болов уу? За ямартаа ч багийн нэлээд том амбицтай тоглогч энэ улирлыг шинэ багтайгаа эхлүүлж чадахгүй болсон.

Тэгвэл В.Шипачевыг АХЛ рүү явуулсан Вегас Голден Найтс баг Й.Марчессо, Р.Смит, К.Еакин, У.Карлссон, Д.Перрон, У.Карриер, О.Линдберг, Т.Хяка, А.Тач, П.Беллемаре, М.Грабоуски, Ж.Нейл болон Б.Лейпсич гэсэн залуус багийн довтолгооны бүрэлдэхүүнд багтсан. И.Марчессо, Р.Смит нарын хувьд Флоридад дасгалжуулагч Ж.Галланы удирдлага дор өнгөрсөн улирал тоглож байсан. Тэднийг ТОП лайнд тоглоно гэсэн таамаг бий. Магадгүй “том” нэр гэвэл Ж.Нейл болон Швед залуу О.Линдберг нарыг хэлж болох юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн