Англи болон Германы шигшээ багууд Дэлхийн аваргын эрхээ авлаа



Ирэх зун хойд хөрш ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байна. Тив, бүс бүрээс Дэлхийн аваргад оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн ид өрнөж байгаа бөгөөд Европын бүсээс Англи, Германы шигшээ багууд эрхээ аваад байна. Ингэснээр ДАШТ-нд өрсөлдөх 10 дахь шигшээ багийн нэрс тодорлоо.

  • Герман 3-1 Умард Ирланд

Германы шигшээ баг Белфаст хотноо зочлон талбайн эзэн Умард Ирландын шигшээ багтай тоглолоо. Тус тоглолтонд зочин баг Германы шигшээ баг ялалт байгуулсан. Германы багаас С.Руди, С.Вагнер болон Ж.Химмич нар гоол оруулсан. Харин нэр төрийн 1 гоолыг Умард Ирландын шигшээ багаас Ж.Маженнис 90+ минутанд гоолдсон. Ийнхүү Германы шигшээ баг Европын бүсийн С хэсгийг 9 тоглолтын дараах байдлаар ганц ч хожигдолгүйгээр 9 хожил байгуулж дэлхийн аваргын эрхээ авлаа. Умард Ирландын шигшээ баг хожигдол хүлээсэн ч нэмэлт тоглолтонд оролцох боломжоо хадгалан үлдсэн.

  • Англи 1-0 Словени

Английн шигшээ баг өөрсдийн “Уэмбли” цэнгэлдэхдээ Словений шигшээ багийг хүлээн авч Х.Кейний нэмэлт цагт оруулсан гоолоор хожил авлаа. Ингэснээр Английн шигшээ баг хэсэгтээ 23 оноотой болж дэлхийн аваргын эрхээ авлаа. Англичууд хэсгийн сүүлчийн тоглолтоо Литви улсын шигшээ багтай 3 хоногийн дараа тоглоно. Тус тоглолтын үр дүнгээс үл хамааран Английн шигшээ баг Дэлхийн аваргыг зорино.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн