Вегас Голден Найтсчууд анхны тоглолтоо хожлоор эхлүүллээ



ҮХЛ-н шинэ баг Вегас Голден Найтс баг анхны тоглолтоо хожлоор эхлүүллээ. Ж.Галланы шавь нар ҮХЛ-н хатуу самарнуудын нэг Даллас Старс багийн талбайд зочлон анхны тоглолтоо хийж, багийнхаа түүхэн дэх шинэ хуудсыг нээлээ. Тус тоглолтын өмнө Вегас Голден Найтс багийг хожно гэж хожно гэж таамагласан хүн тийм ч олон байгаагүй болов уу? Учир нь тэдний өрсөлдөгч нь “хатуу самар”-нуудын нэг Даллас Старс баг байсан юм. Ж.Бенн, Т.Сегин, Ж.Спецца болон А.Радулов нарын хүчирхэг залуусын эсрэг Вегас Голден Найтс баг хүчин мөхөс харагдана. Гэвч шинэ цэргүүд гайхалтай хожил, тэр дундаа хожигдлоос эргэн ирсэн гайхалтай ялалт авлаа.

Хоёр багийн тоглолтын эхний үед гоол ороогүй бол 2-р үед повер-плэй тоглолтоос Т.Сегин эхний гоолыг оруулсан. Гэхдээ тус тоглолтонд Вегас багийн хамгаалагчид тэр дундаа Л.Сбиса, Б.МкНэбб болон Д.Энгелланд нар, мөн хаалгач М.Флёри нар тун сайн байсан. Даллас Старс баг хэд хэдэн удаа повер-плэй болсон ч Вегас Голден Найтс баг тун сайн хамгаалж байсан.

Ингээд тоглолтын шийдвэрлэх 3-р үед зочин багаас Ж.Нейл тун сайн тоглож 2 гоолыг оруулж багтаа ялалтыг авчирсан. Эхний гоолоо К.Еакины дамжуулалтаар оруулсан бол дараагийн гоолоо Н.Шмидтийн дамжуулалтаар оруулсан. Ийнхүү Вегас Голден Найтс баг ҮХЛ дэх дебьют улирлын дебьют тоглолтоо хожлоор эхлүүллээ. Ж.Нейл багийн түүхэн дэх анхны гоолын эзэн болж нэр нь бичигдэж байна.

Вегас Голден Найтс багийн анхны гоолын эзэн Ж.Нейл

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн