Улирлын өмнө: Ванкувер Кэнайкс баг



  • Бүс: Өрнөд бүсийн Номхон далайн дивизион
  • Хот: Ванкувер хот
  • Байгуулагдсан он: 1970 он
  • Амжилтын түүх: 3 удаа бүсийн, 10 удаа дивизионы аварга
  • Өнгөрсөн улирлын амжилт: 30 хожил, 43 хожигдол, ОТ 9 хожигдол 69 оноо
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: шалгараагүй
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: Б.Хорват 52 оноо
  • Хамгийн олон гоол оруулсан тоглогч: Б.Хорват 20 гоол
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: Д.Седин 35 дамжуулалт
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: хаалгач Р.Миллер (Анахайм Дакс руу)
  • Энэ улиралд багт ирсэн тоглогчид: довтлогч С.Ганье (Колумбус Блю Жакетсаас), хамгаалагч М.де Зотто (Филадельфиа Флаймзаас), довтлогч А.Бурмистров (Аризона Койотисоос), хаалгач А.Нилссон (Баффало Сейбрсээс), довтлогч Т.Ванек (Флорида Пантерсаас), хамгаалагч Д.Поулиот (Питтсбург Пингвинсээс)

ҮХЛ-н багуудын дундаас магадгүй хамгийн азгүй баг нь Ванкувер Кэнайкс байх. Тэд Стэнлийн цомын шигшээд 3-таа шалгарч байсан ч тухай бүрт нь цомгүй хоцорч байсан. Стэнлийн цом хүртэж амжаагүй байгаа багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн, өөрөөр хэлбэл Стэнлийн цомоос атгаад алдсан баг бол Ванкувер Кэнайкс баг юм. Харин одоогийн Ванкувер Кэнайкс багийн хувьд хар дарсан он жилүүд үргэлжилж байна. 2006-2013 оны хооронд А.Виньогийн удирдсан Ванкувер Кэнайкс баг тогтмол плэй-оффт шалгарч бүр 2010-2011 оны улиралд Стэнлийн цомын шигшээд шалгарч байсан. Гэвч түүнийг багаа орхиж явсан 2013 оноос хойш Ванкувер Кэнайкс баг “бараг” плэй-оффоос алга боллоо. Канадын Өрнөд бүсийн лиг болон Америкийн лигт чамгүй амжилт үзүүлж байсан У.Дежарденыг авчирсан ч амжилт олсонгүй. Ийнхүү энэ зун 3 жил ажилласны эцэст У.Дежарденыг явуулж хөгжлийн лиг дэх өөрсдийн “Utica Comets” багийг удирдаж байсан Т.Грийнийг дасгалжуулагчаараа тавиад байна. Ямартаа ч шинэ дасгалжуулагчаас өндөр амжилт хүлээх хэрэггүй л болов уу?

Ер нь Ванкувер Кэнайкс багт шилжилтийн үе ирж байх шиг. Багийн удирдлагууд ах дүү Сединуудийн гэрээг сунгасангүй. Өдгөө 37 настай ах дүү Сединүүд 1999 оноос хойш Ванкувер Кэнайкс багт хүчин зүтгэж байгаа бөгөөд энэ шинэ мянганы багийн нүүр царай болсоор ирсэн. Гэвч тэдэнтэй гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байх шиг байна. Хамгийн сүүлд Швед ах дүүстэй 2013 оны 11 сард 4 жилийн гэрээ байгуулж байсан. Тэгэхлээр энэ оны төгсгөлд Сединүүд чөлөөт агент болж байна. Залуус бол яалт ч үгүй багийн нүүр царай болж байсан. Даниел гэхэд 2011 онд Арт Росс болон Тэд Лидсэй шагналуудын нэгэн зэрэг хүртэж, Бүх Оддын тоглолтонд 3 удаа сонгогдож байсан бол Хенрик Харт Мемориал болон Арт Росс цомуудын 2010 онд хүртэж, Бүх Оддын тоглолтонд мөн 3 удаа сонгогдож байсан. Гэвч уулыг цас, эрийг нас дарна гэгчээр Ванкувер Кэнайкс дахь Швед залуусын үе дуусаж байна.

Одоо энэ багийн гол хөдөлгүүр бол А.Эдлер, К.Таниев болон залуу тоглогч Б.Хорват нар болж байна. Б.Хорват багтайгаа 6 жилийн 33 сая ам.долларын гэрээг шинэчлэн байгуулаад байна. Харин солилцооны цонхоор хаалгач Р.Миллерийг явуулж, нэлээд хэдэн тоглогчид ирсэн. Ирсэн тоглогчдоос хаалгач А.Нилссон болон төвийн тоглогч С.Ганье нар багийн амжилтанд нөлөөлж болохуйц тоглогчид юм. Харин энэ жил 20 настай рүүки залуу Б.Боэсер үндсэн багтай нэгдсэн. Тэр өнгөрсөн улирал ердөө 9 тоглолтонд оролцож байсан бол энэ улирлаас үндсэн бүрэлдэхүүнд багтгаад байна. Рүүки улиралдаа 9 тоглолтонд оролцсон гэхэд 4 гоол, 1 дамжуулалт өгсөн. Тун боломжийн ирээдүйтэй залуу бол Б.Боэсер юм. Ванкувер Кэнайкс баг тун боломжийн тоглогчдыг авчирсан. Харин плэй-оффт шалгарах эсэх нь шууд дасгалжуулагчаас л шалтгаалах болов уу? Ямартаа ч одоогийн бүрэлдэхүүн бол тийм ч муу бүрэлдэхүүн биш.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн