Улирлын өмнө: Колорадо Эвеланш баг



  • Бүс: Өрнөд бүсийн Төвийн дивизион
  • Хот: Денвер хот
  • Байгуулагдсан он: 1995 он
  • Амжилтын түүх: Стэнлийн цомын хошой аварга
  • Өнгөрсөн улирлын амжилт: 22 хожил, 56 хожигдол, ОТ 4 хожигдол, 48 оноо
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: шалгарч чадаагүй
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: Н.МкКиннон 53 оноо
  • Хамгийн олон гоол оруулсан тоглогч: М.Рантанен 20 гоол
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: Н.МкКиннон 37 дамжуулалт
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: довтлогч Ф.Бошемен (Анахайм Дакс руу), хамгаалагч П.Уиркош (Ванкувер Кэнайкс руу)
  • Энэ улиралд багт ирсэн тоглогчид: хамгаалагч П.Немет (Даллас Старсаас), довтлогч К.Уилсон (Нэшвилл Предаторсоос), довтлогч Н.Якупов (Сент Луис Блюсаас), хаалгач Й.Бернье (Анахайм Даксаас)

Денвер хотын Колорадо Эвеланш баг Ж.Саких, П.Рой болон П.Форсберг нарын эрин үед буюу 2 мянганы зааг дээр хүчирхэг байсан. Гэвч 2009 оноос хойш багагүй сорилттой тулгарч байна. Ерөнхийдөө уналтанд орсон гэж болох байх. Учир нь 2009 оноос хойш ердөө 2 удаа л плэй-оффт шалгараад байна. Өнгөрсөн улирал багийнхаа түүхэн дэх анти рекордыг үзүүлж улиралд ердөө 48 оноо авсан. Энэ бол баг ямар түвшинд ирээд байгааг бэлхэнээ харуулж байна. Өнгөрсөн улиралд рүүки тоглогч Фин залуу М.Рантанен гоолоор тэргүүлсэн бол Н.МкКиннон оноогоор тэргүүлсэн. Гэхдээ тэдний оруулсан гоол, авсан оноо тийм ч хангалттай биш юм.

Колорадо Эвеланш баг П.Ройг дасгалжуулагчаараа тавиад 3 жил зүтгэсэн ч плэй-оффт нэг л удаа шалгарсан. Ингээд тэд арга буюу П.Ройг явуулж Я.Беднар хэмээх эрхмийг дасгалжуулагчаараа томилсон. Гэвч ахиц гарсангүй, харин ч багийн түүхэндээ анти рекордыг үзүүлээд байна. Энэ жил дахиад л Я.Беднарын гарт багийнхаа ирээдүйг даатгаад үлдэж байх шиг.

Солилцоонд ирсэн тоглогчдоос бол багийн амжилтанд нөлөө үзүүлчих тоглогчийг яг тэр гэж хэлж мэдэхгүй юм. П.Немет хэмээх 25 настай Швед хамгаалагчийг Даллас Старс багийн харъяа Техас Старс багаас авчирсан. Магадгүй түүнийг хамгаалалтанд хүч нэмнэж гэж харж байна. Мөн түүнээс гадна К.Уилсон болон Н.Якупов нарын залуус багт ирсэн. Н.Якупов өнгөрсөн улирал Сент Луис Блюс багийн төлөө тийм ч хангалттай тоглолтонд оролцоогүй. Харин Н.Уилсон бол плэй-оффын туршлагатай, тун боломжийн тоглолтыг үзүүлдэг тоглогч юм.

Яг одоогийн Колорадо Эвеланш багаас амжилт хүлээх хэрэггүй болов уу? Эдний багтдаг Төвийн дивизионд багтдаг Даллас Старс энэ зун нэлээд хүчээ зузаатгасан. Мөн Чикаго болон Сент Луис багууд бол тийм ч зөөлөн самарнууд биш. Гэхдээ өнөөгийн Колорадо Эвеланш багт залуусаас бүрдсэн ирээдүй бий. Магадгүй ойрын жилүүддээ плэй-оффын баг болох боломж бүрдэж болох юм. Үүний тулд эхлээд арай өөр дасгалжуулагчтай тэрхүү аялалд гарах ёстой болов уу?

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн