Шилдэг 8 бүсгүйчүүд Сингапурт



WTA буюу эмэгтэйчүүдийн теннисний холбооны WTA–н аварга шалгаруулах тэмцээн ирэх Ням гаригт Сингапур улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь 45 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд албан бус Аварга Шалгаруулах Тэмцээн гэж хэлж болно. WTA finals тэмцээн нь анх 1972 онд зохион байгуулагдаж эхэлж байсан. Тэмцээнд календарын 1 жилийн турш хамгийн өндөр оноо авч чансааны шилдэг 8-д багтсан теннисчид өрсөлддөг ажээ.

Энэ удаагийн WTA-н АШТ-нд Румыны С.Халеп, Испаний Г.Мугуруза, Чехийн К.Плишкова, Украйны Е.Свитолина, АНУ-ын В.Уилльямс, Данийн К.Возняцки, Латвийн Е.Остапенко, Францын К.Гарсиа нарын теннисчид оролцоно.

С.ХАЛЕП: Румын бүсгүй С.Халеп Их Дуулга тэмцээний цомыг өргөж үзээгүй байгаа ч чансааг тэргүүлж байна. Тэр энэ жил 4 дэх удаагаа WTA  Финалд оролцож байгаа бөгөөд 2014 онд анх оролцохдоо алдарт С.Уилльямстай финалдаж байсан. Түүний хувьд хэсгээс гарж болох ч цомыг хүртэж чадахгүй болов уу? Учир нь С.Халеп шороон кортонд арай илүү тоглолт үзүүлдэг. Сингапур болж буй Финал битүү дээвэртэй, хатуу гадаргуутай талбайд болж байна.

Энэ онд үзүүлсэн амжилт:

Их Дуулгад

  • Австрали: 1-р шатанд АНУ-ын Ш.Рожерст хожигдсон
  • Франц: финалд Латви охин Е.Остапенкод хожигдож мөрөөдлөө хойшлүүлсэн
  • Уимблидон: шөвгийн 8-д Их Британий Й.Контад хожигдсон
  • Америк: 1-р шатанд ОХУ-ын М.Шараповад хожигдсон

Премьер мандатори:

  • Индиан Уэлльс: 3-р шатанд Францын К.Младеновичид хожигдсон
  • Миами: шөвгийн 8-д Й.Контад хожигдсон
  • Мадрид: Францын К.Младеновичийг хожиж түрүүлсэн
  • Бээжинд: Францын К.Гарсиад хожигдож финалдсан

Бусад:

  • Бусад тэмцээнүүдээс цом хүртээгүй

 

Г.МУГУРУЗА: Венесуэл ээж, Испани аавтай Г.Мугуруза сүүлийн 3 жил дарааллан шилдгүүдийн өрсөлдөөнд оролцож байна. Өмнөх хоёр удаагийн тэмцээний 1-д нь хэсгээс гарч чадаагүй бол 1-д нь хагас шигшээд шалгарч байсан. Одоогийн оролцож буй теннисчдээс түрүүлж болох хамгийн өндөр магадлалтай теннисчин бол Г.Мугуруза юм.

Энэ онд үзүүлсэн амжилт:

Их дуулгад:

  • Австрали: шөвгийн 8-д АНУ-ын К.Вандервегед хожигдсон
  • Франц: шөвгийн 16-д Францын К.Младеновичид хожигдсон
  • Уимблидон: финалд АНУ-ын В.Уилльямсыг хожиж түрүүлсэн
  • Америк: шөвгийн 16-д Чехийн Квитовад хожигдсон

Премьер мандатори:

  • Индиан Уэлльс: шөвгийн 8-д Чехийн К.Плишковад хожигдсон
  • Миами: 4-р тойрогт бэртлийн улмаас тэмцээнийг орхисон
  • Мадрид: 1-р шатанд Швейцарын Т.Башинскид хожигдсон
  • Бээжин: 1-р шатанд бэртлийн улмаас тэмцээнийг орхисон

Бусад:

  • Цинциннати: финалд С.Халепыг хожиж түрүүлсэн

 

К.ПЛИШКОВА: Чех бүсгүй 2 дахь жилдээ шилдгүүдийн өрсөлдөөнд тоосоо өргөж байна. К.Плишкова энэ жил Их Дуулга болон Премьер мандатори ангиллын томоохон тэмцээнд түрүүлээгүй ч хэд хэдэн жижиг тэмцээний цомыг хүртээд байна. Тухайлбал, Брисбен, Доха болон Английн Эйгоны ОУ-ын тэмцээнд түрүүлсэн. Түүний хувьд битүү морь. Өнгөрсөн жил анх удаа оролцсон ч хэсгээс шалгарч чадаагүй

 

Е.СВИТОЛИНА: Украйны төлөөлөл Е.Свитолина энэ жил анх удаагаа шилдгүүдийн өрсөлдөөнд оролцоно. Тэр энэ жил 5 цом өргөсөн. Хэдийгээр Их Дуулга болон Премьер мандатори тэмцээнүүдэд дээгүүр өрсөлдөж чадаагүй ч жижиг тэмцээнүүдээс хэд хэдэн цом өргөсний хүчинд чансаагаа ахиулж анх удаагаа өрсөлдөх эрхтэй болсон.

 

В.УИЛЛЬЯМС: энэ удаагийн шилдэг 8-н өрсөлдөөнд оролцогчдоос хамгийн алдартай, хамгийн олон цом хүртсэн тамирчин бол энэ жил 37 насыг давж буй В.Уилльямс юм. Түүний оргил үе нь 2000 оны эхэн үе болон төгсгөл үе байсан. Тэр 7 удаа Их Дуулга тэмцээний цомыг өргөж 2008 онд WTA Финалс тэмцээнд түрүүлж байсан. Энэ удаагийн тэмцээнд оролцогчдоос тус тэмцээний цомыг хүртсэн цорын ганц ялагч. В.Уилльямсын хувьд энэ жил тун одтой байж, өөрийгөө харих болоогүй гэдгээ харуулсан. Энэ онд 2 ИХ дуулгын финалд шалгарсан амжилтаар энэ удаагийн тэмцээнд өөрөөсөө үе мултарсан дүү нартай өрсөлдөх гэж байна.

Энэ онд үзүүлсэн амжилт:

Их Дуулгад:

  • Австрали: финалдаад дүү Уилльямст хожигдсон
  • Франц: 4-р тойрогт Швейцарын Т.Башинскид хожигдсон
  • Уэмблидон: финалдаад Испаний Г.Мугурузад хожигдсон
  • Америк: хагас шигшээд АНУ-ын С.Стефэнст хожигдсон

Премьер мандатори: Миамид хагас шигшээд шалгарсан бол Индиан Уэлльст шөвгийн 8-д шалгарсан. Харин Мадрид болон Бээжинд оролцоогүй.

 

К.ВОЗНЯЦКИ: цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Дани бүсгүй 4 дэх удаагаа шилдгүүдтэй өрсөлдөх гэж байна. 2010 онд финалдаж Бельгийн К.Клейстерст хожигдож байсан. Тэгвэл энэ удаа дахиад дайралт хийгээд үзэхэд яагаад болохгүй гэж. Учир нь энэ жил түүний хувьд тун боломжийн өрсөлдөгч нартай тоглоно. Энэ жилийн амжилт бол 1 Их Дуулга тэмцээний шөвгийн 8-д шалгарсан бол нэлээд хэдэн тэмцээний шигшээд шалгараад байна.

 

Е.ОСТАПЕНЕО: Латви улсын түүхэнд талбайн теннисний ертөнцөд “од” болон гарч ирж буй 20 настай Е.Остапенкогийн хувьд энэ жил амжилт арвинтай жил байлаа. Нанжины Хүүхдийн наадмын хосын төрөлд хүрэл медаль хүртэж байсан Е.Остапенко энэ оны Францын Их Дуулга тэмцээнд С.Халепыг буулган авч цомын эзэн болсон. Энэ бол үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал юм. Учир нь С.Халеп бол илүү шороон кортонд сайн тоглодог. Тэгвэл Латви бүсгүй хүчтэй өрсөлдөгчөө буулган авч аварга болсон. Ямартаа ч энэ удаагийн тэмцээний хамгийн залуу тамирчин Е.Остапенко зүгээр ч нэг “зөөлөн боорцог” биш болов уу?

 

К.ГАРСИА: хөдөлмөр, зүтгэл хоосон байдаггүйн илэрхийлэл бол К.Гарсиа хэмээх Франц бүсгүй юм. Өдгөө 24 настай Франц бүсгүй эцсийн мөчид Оросын С.Кузнецоваг оноогоор ялж шилдгүүдийн өрсөлдөөнд оролцох эрхээ авсан. Түүний хувьд Бээжинд болсон Премьер Мандатори ангиллын тэмцээнд С.Халепыг буулган авч түрүүлсэн. Мөн Хятадын Уханьд болсон тэмцээнд түрүүлсэн.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн