К.Возняцки 2017 оныг ялалтаар өндөрлүүллээ



Сингапурын “Singapore Indoor Stadium” спортын ордонд шилдэг 8 эмэгтэй теннисчдийн дунд зохион байгуулагддаг WTA Finals буюу эмэгтэй теннисчдийн АШТ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд WTA-н чансааны шилдэг 8-д багтсан тоглогчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Ингээд тэмцээний аваргын төлөө Их Дуулга тэмцээний 7 удаагийн аварга, 2008 оны WTA Finals тэмцээний аварга 37 настай Америк теннисчин В.Уилльямс болон Данийн 27 настай К.Возняцки нар шалгарсан.

В.Уилльямс тус тэмцээний шигшээд 3 дахь удаагаа шалгарч байгаа нь энэ ажээ. Тэрээр 2008 онд Оросын В.Знораеватай шигшээд шалгарч 2-1 харьцаатай хожиж аварга болж байсан бол 2009 онд дүү С.Уилльямстай шигшээд шалгарч 0-2 харьцаатай хожигдож байсан. Харин түүний өрсөлдөгч К.Возняцки одоогоос 7 жилийн өмнө буюу 2010 онд Бельгийн К.Клийстерстэй шигшээд шалгарч 2-1 харьцаатай хожигдож байсан. Дани бүсгүй ийнхүү 2 дахь удаагаа WTA Finals тэмцээний шигшээд шалгарсан.

Ингээд шигшээ тоглолтонд К.Возняцки өрсөлдөгчөө бүх талаараа илүүрхэж 6-4, 6-4 харьцаагаар буулгаж авсанаар аваргын цомыг хүртлээ. 27 настай Дани бүсгүй ийнхүү карьерынхаа хамгийн өндөр амжилтаа Сингапурт үзүүлж байна. Үүнээс гадна WTA Finals тэмцээнд түрүүлсэн анхны Дани бүсгүй болж байна.

Өдгөө 27 настай К.Возняцки 1990 оны 7 сарын 11-нд Дани улсын 3 дахь том хот болох Фюн арлын Оденсе хотод мэндэлсэн. Каро 2005 оноос мэргэжлийн карьераа эхлүүлж байсан бөгөөд 2010 оны 10 сарын 11-нд дэлхийн чансааг 67 хоног тэргүүлж байсан шилдэг теннисчин юм. Их Дуулга тэмцээнд 2009, 2014 онуудад Америкийн нээлттэй тэмцээний шигшээд, 2011 онд Австралийн нээлттэй тэмцээнд хагас шигшээд, 2010, 2017 онуудад Францын нээлттэй тэмээний дунд шөвөгт тус тус шалгарч байсан.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн