Оны сүүлийн Мастерс тэмцээн Парис хотноо эхэлнэ



АТР буюу мэргэжлийн талбайн теннисний холбооны нэгэн улирал шувтарч байна. 2017 оны сүүлчийн Мастерс тэмцээн Францын нийслэл Парис хотноо өнөөдөр эхэлнэ. АТР-н Мастерс тэмцээн бол чанар, чансаагаараа Их Дуулга тэмцээний дараа ордог тэмцээн юм. Календарын 1 жилийн хугацаанд 7 Мастерс тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд энэ оны сүүлчийн Мастерс тэмцээн Парис хотноо эхлэж байна. Тус тэмцээний шагналын сан нь 4.2 сая евро бөгөөд түрүүлсэн тамирчин өөрийн чансааны оноон дээрээ 1000 оноо нэмнэ.

Парис Мастерс нь АТР Tour Finals тэмцээний өмнө зохион байгуулагддаг онцлогтой бөгөөд чансааны шилдэг 8-д багтсан теннисчдийн хувьд бэлтгэлээ хангах, харин чансааны шилдэг 8-д багтаагүй теннисчдийн хувьд АТР Tour Finals тэмцээнд оролцохын төлөөх өрсөлдөөн болдог. Өөрөөр хэлбэл АТР-н чансааны дөнгөж 8-аас доогуур эрэмбэлэгдсэн теннисчдийн хувьд чухал ач холбогдолтой тэмцээн юм.

Энэ удаагийн Парис Мастерс тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Р.Надал оролцож байгаа бол дэд байранд эрэмбэлэгдэж буй Р.Федерер өнжиж байна. Р.Федерерийн хувьд тус тэмцээний үр дүнгээс үл хамааран АТР Tour Finals тэмцээнд оролцоно. Иймд Швейцар теннисчний хувьд амарч, оны төгсгөлийн чухал тэмцээнд сэргэлт авах зорилготой байгаа ажээ.

Тэгвэл энэ удаагийн Парис Мастерс тэмцээн Бельгийн Д.Гоффин, Испаний Пабло Буста, Аргентины Хуан Мартин дел Потро болон Өмнөд Африкийн К.Андерсон нарын хувьд тун чухал тэмцээн болж байна. Эдгээр теннисчид чансааны хувьд тун ойролцоо байгаа бөгөөд хэрвээ амжилттай оролцож чадвал оны төгсгөлд шилдэг 8 теннисчдийн дунд зохион байгуулагддаг АТР Tour Finals тэмцээнд оролцох боломжтой болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн