Л.Хэмилтон 4 дэх удаагаа Дэлхийн аварга цолыг хүртэх эрхтэй боллоо



Авто спортын хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдол үзүүлж байдаг хурд, хүчний гайхамшиг болсон Формула-1 уралдааны 2017 оны ДАШТ-ний 18 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Мексик улсын Мехико хотын “Hermanos Rodriguez” авто тойрууллагад боллоо. Тус гараанд “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон 9-р байранд орсон бөгөөд энэ нь түүнд 2017 оны Дэлхийн аварга цолыг хүртэх эрхийг авчирсан. Ингэснээр Л.Хэмилтон 2017 оны ДАШТ-нд 333 оноотой болж улирал өндөрлөхөөс 2 гарааны өмнө Дэлхийн аварга болох боломжтой болж байна.

Мексикийн гараанд “Ред Булл” багийн Нидерланд нисгэгч М.Вертаппен тэргүүлж түүнтэй хамт “Мерседес” багийн В.Боттас, “Феррари” багийн К.Райкконен нар шагналын тавцанд гарсан. М.Верстаппены хувьд энэ улирлын 2 дахь түрүүгээ хүртэж байна. Харин Дэлхийн аваргын нийлбэр дүнгээр тэргүүлэгч Л.Хэмилтон 9-р байранд орж 2 оноо авсанаар 333 оноотой болсон бол түүний араас нэхэж байсан “Феррари” багийн С.Феттел 4-р байранд орж 12 оноо авч нийт 277 оноотой болсон. Ийнхүү энэ оны тэргүүн байрны төлөө өрсөлдөж байсан Л.Хэмилтон болон С.Феттел нарын хооронд 56 онооны зөрүү бий болж үлдсэн 2 гарааны үр дүнгээс үл хамааран Л.Хэмилтон 4 дэх удаагаа Дэлхийн аварга цолыг хүртэж байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн