Эстерсундын гарааг эргэж харахуй: эрэгтэй ганцаарчилсан төрөл



Өнгөрсөн долоо хоногт биатлоны Дэлхийн цомын 2017-2018 оны шинэ улирал Шведийн Эстерсундэд эхэлсэн. Эстерсундэд Францын багийн тамирчид өнгөтэй уралдаж эрэгтэй төрөлд М.Фуркад, эмэгтэй төрөлд Ж.Бреза тэргүүлэгчийн шар цамцыг эзэмшиж байна. Мэдээж М.Фуркадын хувьд энэ бол энгийн үзэгдэл. Учир нь орчин цагийн “биатлоны хаан” Франц залуу М.Фуркад сүүлийн 6 жил тасралтгүй Дэлхийн цомыг тэргүүлсэн, энэ цаг үеийн хамгийн шилдэг биатлонч юм.

“Франц-Норвегийн тулаан” буюу Мартин Фуркадын эсрэг Йоханнес Бьо

Энэ цаг үеийн хамгийн шилдэг биатлонч М.Фуркадтай энэ жил хэн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх бол? Мэдээж үзэгчид М.Фуркадтай өрсөлдөхүйц хүчтэй өрсөлдөгчийг хүсэж байгаа нь дамжиггүй. Эстерсундэд болсон 20 км-н ганцаарчилсан төрөлд Норвеги залуу 24 настай дүү Й.Бьо ганц ч сум алдалгүй байгаа онож нийт замаа 53 мин 24.5 сек-д туулж улирлын анхны түрүүг хүртсэн. Түүний араас Францын К.Фийон Майе болон М.Фуркад нар 2, 3-р байранд орсон. 20 км-н ганцаарчилсан уралдаанд Й.Бьо үнэхээр шилдэг харагдаж байсан. Харин эсрэгээрээ М.Фуркад сүүлчийн босоо байрлалаас буудахдаа 2 сум алдаж 3-р байранд орсон.

Гэхдээ Й.Бьо 10 км-н спринт болон 12.5 км-н хөөх буюу цуваа гараанд маш хангалтгүй байсан. Спринт төрөлд 3 сум алдаж 11-р байр, хөөх гараанд 6 сум алдаж 13-р байранд орсон. Харин М.Фуркадын хувьд маш тайван, хурдтай уралдаж спринт төрөлд дэд, хөөх төрөлд тэргүүн байранд орсон. М.Фуркадад сул тал огтхон ч алга. Тэр бол өрсөлдөгчдийнхөө хувьд хамгийн том толгойны “өвчин” хэвээр байгаагаа харуулаад байна. Энэ улиралд М.Фуркадад Оросын А.Шипулин болон Германы залуусаас илүүтэй Норвеги залуус, тэр дундаа дүү Й.Бьо хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх магадлал байхыг үгүйсгэхгүй юм.

 

“эргэн дурсахуй” буюу Э.Свендсен, ах Т.Бьо, “алтны дэргэдэх гууль шарлана” буюу К.Фийон Майе

Эстерсундэд Норвегийн ахмад тамирчин Э.Свендсен шилдэг байж чадлаа. Хэдийгээр тэр шагналын тавцан дээр гарч чадаагүй ч спринт болон хөөх гараанд хоюуланд нь 4-р байранд орсон бол 20 км-н хувийн ганцаарчилсан гараанд 11-р байранд орсон. Энэ улиралд хуучны Э.Свендсенийг харж магадгүй санагдсан. Түүнтэй адил мөн ах Т.Бьо өөрийгөө байгаа шүү гэдгээ Эстерсундэд санууллаа. Норвегийн “мартагдсан” шилдэг биатлончид ийнхүү Эстерсундэд өөрсдийгөө дахин нэг харуулаад авсан бол Франц залуу К.Фийон Майе улирлыг тун сайн эхлүүллээ. Тэр хувийн карьерынхаа турш буюу 4 жилийн хугацаанд ганцаарчилсан төрлөөр ердөө 5 удаа л шагналын тавцан дээр гарч байсан бол Эстерсундэд 2 гараанд шагналын тавцан дээр гарлаа. Түүний буудлага бол асуудал алга, боломжийн. Харин тэр гуйлтээ сайжруулж чадвал лав л урд урдны амжилтаа энэ улиралд ахиулах бүрэн боломжтой. К.Фийон Майегийн хажууд энэ цаг үеийн хамгийн шилдаг биатлонч М.Фуркад хэмээх гайхамшигт тамирчин байна. Мэдээж К.Фийон Майегийн хувьд М.Фуркадаас суралцах зүйл их байна, суралцаж ч байгаа болов уу?

 

“шаварнаас боссон нь” буюу Я.Фак

Нөгөө талаар “үнснээс боссон” Я.Фак гэж бичиж байна. Энэ нь ч аргагүй юм. Хуучин Югослав улсаас төрөн гарсан хамгийн шилдэг биатлонч бол Я.Фак юм. 30 настай Словени залуу Я.Факыг Ванкувер-2010 Өвлийн олимпийн наадмын 10 км-н спринт төрлөөс хүрэл, ДАШТ-нээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар энгэрээ мялааж байсныг хүмүүс аль хэдий нь мартсан байх. Дээрх медалиудын нэгээс бусдыг нь ганцаарчилсан төрөлд хүртсэн гэвэл ямар шилдэг тамирчин болохыг амархан мэдэж болно. Дээр нь нэмээд хэлэхэд 2014-2015 оны улиралд Норвеги, Герман залуусыг ардаа оруулж нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэж байсан.

Я.Фак Эстерсундэд болсон ганцаарчилсан төрлийн уралдаануудад бүгдэд нь шилдэг 10-т багтаж, тэр дундаа 12.5 км-н хөөх гараанд мөнгөн медаль хүртсэн. Тэр 3 жилийн дараа Дэлхийн цомын шагналын тавцан дээр гарсан. Түүнд энэ улиралд М.Фуркад болон Й.Бьо нарт амаргүй өрсөлдөгч байна гэдгээ харуулаад авсан. Гэхдээ Я.Фак топ түвшинд уралдах гэвэл гүйлтээ анхаарах ёстой.

 

“хүсэл найдвар” буюу Э.Лессер, Ф.Линдстрём

Герман залуу Э.Лессер Эстерсундэд хоёр ч удаа шагналын тавцан дээр гараад авсан. Холимог ганцаарчилсан буухиа төрөлд залуу биатлонч В.Хинзтэй хамтдаа мөнгөн медал хүртсэн бол 10 км-н спринт төрөлд хүрэл медал хүртлээ. Мэдээж Олимпийн наадмын ганцаарчилсан төрлөөр медаль зулгааж чадаж байсан Э.Лессер яагаад хүчтэй өрсөлдөгч байж болохгүй гэж? Лав л энэ улиралд С.Шемпп болон А.Пайффер нараас илүү амжилт үзүүлэх боломж бий. Швед залуу Ф.Линдстрём 2 ч гараанд шилдэг 10-т орсон. Уг нь тэр 10 км-н спринт төрөлд ганц ч сум алдаагүй боловч гүйлт нь хангалтгүй байж 7-р байранд орсон.

“хүлээлтээс доогуур эхлэл” буюу А.Шипулин, С.Эдер, А.Пайффер болон С.Шемпп

Дээрх нэрнүүд бол энэ цаг үеийн шилдэг биатлончдын мөнөөсөө мөн. Гэвч тэд улирлын эхлэлийг тун хангалтгүй тавьж байна. А.Шипулин гэхэд 20 км-н хувийн гараанд ганцхан сум алдсан ч ердөө 16-р байранд орсон. 12.5 км-н хөөх гараанд л 8-р байранд орж ганцаарчилсан төрлийн гурван гараанаас ердөө ганцхан удаа шилдэг 10-т багтлаа. С.Шемппийн хувьд 10 км-н спринт гараанд л 5-р байранд орж чадсан. Тэгвэл А.Пайффер болон С.Эдер нар аль ч гараанд шилдэг 10-т багтаж чадаагүй.

Гэхдээ улирал эхлэж байна. Улирлын турш 8 гараа явагдана, дээр нь улирал Олимпийн жил тул тамирчид хувь хувьдаа бэлтгэлээ чамбайруулж байгаа нь дамжиггүй. Зөвхөн харах л үлдэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн