С.Уилльямс эргэн ирнэ



Талбайн теннисний домогт тамирчин, Их Дуулга тэмцээний ганцаарчилсан төрлийн 23 удаагийн цомын эзэн, энэ жил 36 настай АНУ-ын С.Уилльямс теннисний талбайдаа эргэн ирэхэд ойрхон байна. Өнгөрсөн 9 сард анхны охиноо төрүүлээд байгаа шинэхэн ээж С.Уилльямс хэсэг хугацаанд теннисний кортоо орхиод байсан юм. Тэгвэл алдарт теннисчин С.Уилльямс гэртээ “удаан” суухыг хүсээгүй бололтой.

Шинэ он гараад эхний Их Дуулга тэмцээн уламжлал ёсоор Австралийн Мельбурн хотноо Австралийн Нээлттэй тэмцээнээр эхэлнэ. Тус тэмцээнд С.Уилльямсыг оролцох магадлалтай байгаа талаар Австралийн Нээлттэй тэмцээний CEO Крэйг Тайли мэдэгджээ. Тэрээр “С.Уилльямс визээ захиалаад авчихсан, тэр бэлтгэлдээ орсон байгаа” хэмээн ярьсан байна.

С.Уилльямс Австралийн Нээлттэй тэмцээнд 7 удаа түрүүлж байсан бөгөөд өнгөрсөн онд эгч В.Уилльямстай финалдаж хожисноор ээлжит түрүүгээ хүртсэн. Энэ жил ийнхүү цомоо хамгаалахаар эргэн ирж байна.

Их Дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн Бүх-цаг үеийн түүхэн амжилтыг Австралийн М.Коурт 24 удаа цом хүртсэн амжилтаар тэргүүлдэг бол С.Уилльямс 23 цомтой удаалдаг. С.Уилльямс ирэх онд зохион байгуулагдах 4 Их Дуулга тэмцээний 1-д нь түрүүлж чадвал М.Коурттай амжилтаараа зэрэгцэх бол 2 удаа түрүүлэхэд Бүх-цаг үеийн дээд амжилтыг эзэмших болно. М.Коуртын амжилтыг эвдэх нь С.Уилльямсын хувьд цаг хугацааны л асуудал болж байна.

Б.Бямбабаяр /Sanchir/



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн