Хохфильцендийн гарааг эргэж харахуй: Эрэгтэй ганцаарчилсан төрөл



Өнгөрсөн амралтын өдрүүдэд биатлоны Дэлхийн цомын 2017-2018 оны улирлын 2 дахь гараа Австрийн Хохфильценд болж дүнгээ гаргасан. Хохфильценд спринт, хөөх болон багийн буухиа уралдаанууд явагдсан. Ингээд Хохфильценд явагдсан тэмцээнийг эргээд харъя.

Хохфильценд “эзэн” суусан дүү Й.Бьо

Энэ улиралд М.Фуркадад бодитой, хүчтэй өрсөлдөөн үзүүлэх биатлонч бол Норвеги залуу дүү Й.Бьо байна. Улирлыг тун боломжийн эхлүүлсэн Й.Бьо Австрид болсон гараанд хамгийн шилдэг нь байлаа. Ялангуяа тэр спринт уралдаанд энэ цаг үеийн шилдэг биатлонч М.Фуркадыг ялж алтан медаль зүүсэн. Тэрээр спринт уралдаанд түрүүлсэн амжилтаа бататгаж хөөх уралдаанд мөн түрүүлсэн. Хохфельценд цаг агаар таагүй байсан. Гэвч Йоханнес Тингнес Бьогийн хувьд үнэхээр шилдэг байж чадсан. Й.Бьо улирал эхэлснээс хойш ганцаарчилсан 5 уралдаанаас 3-т нь түрүүлээд байгаа бол М.Фуркад 1 гарааны ялагч болоод байна.

Хуучны Я.Фак эргэн ирлээ

Хуучин Югослав улсаас төрөн гарсан шилдэг биатлонч бол Я.Фак. Өдгөө Словени улсын нэрийн өмнөөс уралдаж буй Я.Фак бол 2010-2015 оны улиралд хүчтэй өрсөлдөгч байсан. Ялангуяа 2014-2015 оны улиралд Дэлхийн цомд нийлбэр дүнгээр 3-р байранд шалгарч хүрэл медалийн эзэн болж байсан. Түүнээс хойш чимээгүй болоод байсан Я.Фак энэ улирлыг тун сайн эхлүүлж байна. Эстерсундэд хөөх гараанд мөнгөн медаль хүртээд байсан бол Австрийн Хохфильцендэд болсон спринт уралдаанд 3, хөөх уралдаанд 2-р байранд орсон. Ялангуяа тэр энэ цаг үеийн хамгийн шилдэг биатлончид болох М.Фуркад, Й.Бьо нартай хүчтэй өрсөлдөөн үзүүлээд байна. Үүгээрээ Я.Фак энэ улиралд хуучны Я.Факыг санагдуулам, дээгүүр өрсөлдөх магадлал өндөр байгааг харуулаад байна.

Бас л ...

Австрийн С.Эдер, Оросын А.Шипулин, Германы С.Шемпп, Норвегийн Э.Свендсен нарын шилдгүүд бас л шагналын тавцангийн гадна үлдлээ. Харин С.Шемпп спринт болон хөөх уралдаанд хоюуланд нь 4-р байр, А.Шипулин мөн хоёр гараанд хоюуланд нь 9-р байранд шалгарсан. Тэгвэл Э.Свендсен болон С.Эдер нар ТОП-10-т багтаж чадаагүй.

 

Б.Бямбабаяр /Sanchir/

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн