Дэлхийн цомын 3 дахь гарааны өмнө: М.Фуркадад ирэх дарамт



Биатлоны Дэлхийн цомын 2017-2018 оны улирал өнгөрсөн сарын 26-ны өдөр Скандиновын хойгт орших Швед улсад эхэлсэн. Энэ улиралд нийт 9 гараа зохион байгуулагдах хуваарьтай байгаа бөгөөд Шведийн Эстерсунд, Австрийн Хохфильценд дэх гараанууд болж өндөглөсөн. Тэгвэл өнөөдөр Дэлхийн цомын 3 дахь гараа Францын зүүн нутаг дахь “Францын Альпийн нуруун дахь сувд” хэмээгддэг Анси хотын “Le Grand-Bornand” цанын баазад эхлэж байна. Одоогоос 4 жилийн өмнө буюу 2013-2014 оны улиралд тус баазад анх удаагаа Дэлхийн цом зохион байгуулагдаж байсан юм. Энэ жил ийнхүү 2 дахь удаагаа Дэлхийн цомын хөтөлбөрт багтаж байна.

М.Фуркадад ирэх дарамт

Мэдээж нутаг дээрээ Дэлхийн цомын гарааг хүлээн авч байгаа учир Францын тамирчид анхаарлын төвд байгаа. Тэр дундаа М.Фуркад олны анхаарлын төвд байх нь дамжиггүй. Хоёр мянганыг дамжин Р.Пуэре хэмээх шилдэг биатлонч Францын биатлончдын нэрийг “өргөж” явсан. Тэгвэл сүүлийн 7 улирал Дэлхийн цомд “босоо” байгаа М.Фуркад сүүлийн жилүүдэд Францын биатлончдын нэр хүндийг өндөрт өргөөд байгаа.

Гэхдээ энэ удаа бол М.Фуркадын хувьд ганцаарчилсан төрөлд өрсөлдөгч дүү Й.Бьогоос ирэх дарамт бий. Учир нь 4 жилийн өмнө Ансид болсон гараанд Норвеги залуу Й.Бьо илүү байж спринт болон хөөх гараанд алтан медаль хүртсэн. Мөн энэ улирал эхэлснээс хойш Й.Бьо 3 удаа шагналын тавцан дээр гарахдаа гурвууланд нь алтан медалийг хүртсэн бол М.Фуркад 5 удаа шагналын тавцан дээр гарахдаа ердөө 1 удаа алтан медаль хүртэж, 2 мөнгө, 2 хүрэл медалийг хүртээд байгаа билээ. Энэ улиралд Й.Бьо үнэхээр “онцгой” байгаа бөгөөд М.Фуркадад маш хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байна.

 

№2 К.Фийон Майе

“Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг. Тэгвэл энэ үг 25 настай Франц залуу К.Фийон Майед тохирох юм шиг санагдаж байна. М.Фуркад гэж энэ цаг үеийн домог болсон тамирчинтай хамтдаа бэлтгэл сургуулилтаа базааж буй нь К.Фийон Майегийн хувьд ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгож байх шиг. К.Фийон Майе дандаа буухиа багийн гишүүнээр энгэртээ медаль зүүхийг хүсэхгүй байна уу гэлтэй энэ улиралд сайн байна. Одоогийн байдлаар улирал эхэлснээс хойш ганцаарчилсан төрөлд 1 мөнгө, 1 хүрэл медалийг зүүгээд байна. Энэ бол түүний хувьд Дэлхийн цомын карьерт нь байгаагүй сайн эхлэл, өндөр амжилт болж байна. Гэхдээ тэр Австрийн Хохфильцендэд тийм хангалттай сайн байж чадаагүй. Улирлын эхэнд Эстерсундийн гараанд тэшилт болон буудлага дээр өөлөх зүйл байгаагүй. Харин Хохфильцендэд тун хангалтгүй байсан. Одоо харин нутаг Хохфильцендийн алдаагаа залруулах боломж юм.

Бусдад боломж бий юу?

Мэдээж Норвеги залуу дүү Й.Бьо ийм сайн формтой байгаа тул асуудал байхгүй байх. Ялангуяа тэр нутгийн тамирчин М.Фуркадыг нутаг дээр нь ялахыг хүсэж байгаа болов уу? Харин Словений Я.Фак, Германы С.Шемпп, Э.Лессер, Норвегийн ах Т.Бьо нарыг мартаж болохгүй. Тэр дундаа Словени залуу “мартагдсан” залуу Я.Фак гайхалтай байна. Я.Фак одоогийн байдлаар аль хэдий нь 3 удаа шагналын тавцан дээр гараад байгаа. Түүний буудлага нь тун боломжийн байна. Ямартаа ч буудлагын хувиа энэ хэвээр нь хадгалж чадвал энэ улиралд “юм дуулгах” магадлал өндөр бий. Герман залуу С.Шемппийн хувьд хараахан шагналын тавцан дээр гарч чадаагүй ч 2 удаа ТОП-10-т багтаж чадсан. Түүний нутаг нэгт Э.Лессер мөн боломжийн уралдаж байгаа.

Унтаж буй А.Шипулин

Оросын №1 А.Шипулин улирлыг тун хангалтгүй эхлүүлээд байна. Антон ганцаарчилсан төрлийн 5 гараа явагдаад байгаагаас ердөө 3-т нь ТОП-10-т багтаж чадсан. Түүний буудлага өнгөрсөн 2 гараанаас харахад илт муудсан зүйл байхгүй, ерөнхийдөө боломжийн өрсөлдөөн үзүүлэх хэмжээнд байгаа. Магадгүй тэр хангалттай сайн бэлтгэлтэй биш байх шиг байна. Ямартаа ч энэ байдлаараа бол энэ улиралд медалийн тавцан дээр зогсохыг харахгүй байх магадлалтай болж байх шиг. Учир нь энэ улиралд М.Фуркад, Й.Бьо нарын хүчтэй өрсөлдөөн дээр Я.Фак, К.Фийон Майе, Т.Бьо, С.Шемпп болон Э.Лессер нарын залуус хүчтэй өрсөлдөөн үзүүлэх дүр зураг харагдаж байгаа. Олимпийн жил, гэтэл Оросын гол найдвар А.Шипулин “унтаж” байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн