Дэлхийн цомын 3 дахь гарааны өмнө: Н.Скардиногоос эхлээд К.Макарайнен, харин одоо?



Энэ улиралд Чехийн шилдэг биатлонч Габи буюу Г.Коукалова өнжиж байгаа нь бага зэрэг харамсалтай. Гэхдээ К.Макарайнен, Л.Далмайер, Д.Домрачева, Д.Вирер болон Франц, Украйн бүсгүйчүүдийн өрсөлдөөн хөгжөөн дэмжигчдийг баясгах нь дамжиггүй. Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн онооны байдал тун нягт, өрсөлдөөн ихтэй байна. Үүнийг илтгэх мэт ердөө 2 гараа явагдаад байхад тэргүүлэгчийн шар цамц 4 дэх эзэндээ очоод байна. Беларусын Н.Скардино эхлээд шар цамцыг эзэмшсэн бол түүнээс хойш С.Солемдал, Ж.Бреза, одоо К.Макарайнен эзэмшиж байна. Ямартаа ч Ансигийн гараа өндөрлөсний дараа К.Макарайненд шар цамц үлдэнэ гэдэгт итгэхгүй байгаа. Юу болохыг харж л байя.

Нутгийн тамирчдын боломж юу вэ?

Франц улсад зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа М.Дори-Абер, Ж.Бреза, А.Бескон, С.Эмонье нарт ирэх дарамт илүү байгаа. Ж.Бреза улирлыг тун боломжийн эхлүүлж 2 үзүүр, 1 удаа 8-р байранд ороод байсан ч Австрийн Хохфильцендэд харин усанд хаясан чулуу шиг алга болсон. Харин А.Бескон болон С.Эмонье нар Хохфильцендэд тус бүр 1 удаа ТОП-10-т багтсан. Тэгвэл багийн лидер М.Дори-Абер “чимээгүй” л байна. Яг өнөөгийн нөхцөлд Франц бүсгүйчүүд ганцаарчилсан төрлөөр медалийн тавцан дээр гарна гэдэг, тэр дундаа нутаг дээрээ магадлал тун бага. Учир нь Словакийн нэрийн өмнөө уралдаж буй А.Кузмина, Беларусын Д.Домрачева, Германы Л.Далмайер болон Фин бүсгүй Кайса нарын хүчтэй өрсөлдөгчид байгаа.

Настя форм сайтай байна

Словакийн биатлонч Орос бүсгүй Настя буюу А.Кузмина энэ улиралд ямар ч байсан медаль зүүх боломж бүрэн байна. Хохфильцендэд үзүүлсэн түүний уралдаанд өөлөх зүйл харагдсангүй. Буудлага “онц” дээр нь чацтай, хүчтэй байна. Ямартаа ч Францын гараа өндөрлөсний дараа тэргүүлэгчийн шар цамцыг эзэмшсэн байхад гайхах зүйл огтхон байхгүй. Настя Хохфильцендэд 1 түрүү, 1 мөнгөн медаль хүртсэн. Ансид энэ л эрчээрээ медалиудыг нь “хамах” болов уу?

 

Лаура, Кайса болон Доротье

Герман бүсгүй Л.Далмайер цаг агаарын байдлаас шалтгаалан улирлын нээлтийн гарааг өнжсөн. Харин Австрийн Хохфильцендэд тэр хөөх гараанд 16-аас гарч ТОП-10-т багтсан. Өнгөрсөн улирлын аварга Л.Далмайерын хувьд нэг их яриад хэрэггүй болов уу? Финландын ахмад биатлонч Кайса Макарайнен бол хөөх уралдаанд тун сайн уралддаг. Үүний ч тэр Австрид батлан харуулсан. Спринтэд 6-р байранд орсон бол хөөх уралдаанд дэд байранд орсон. Кайса энэ улирал хамгийн жигдхэн амжилттай байна. Тэр Эстерсунд болон Хохфильцендэд хоюуланд нь ТОП-10-аас буугаагүй. Италийн бүсгүйчүүдийн шигшээ багийн №1 Д.Вирер одоогоор 1 хүрэл медаль хүртэж, нэг 4-р байр эзлээд байгаа. Гэхдээ түүнээс илүүтэй Л.Виттоцци энэ улиралд хүчтэй өрсөлдөгч байх магадлал өндөр байна. Шведэд болсон улирлын эхний гараанд спринт болон хөөх гараанд хоюуланд нь 5-д багтсан. Ямартаа ч Итали бүсгүйчүүд амаргүй өрсөлдөгчид байх болов уу?

Бусад...

Беларусь, Норвеги, Герман (Л.Далмайераас бусад) болон Украйны бүсгүйчүүд мэдээж медалийн төлөөх өрсөлдөөнд нэрлэгдэнэ. Беларусын Д.Домрачева, Н.Скардино нар хоюулаа медалийн тавцан дээр гарсан. Мөн Норвегийн С.Солмедал, М.Олсбю, Украйны Ю.Жима нар медаль хүртээд байгаа.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн