Р.Федерер ВВС-н 2017 оны шилдэг гадаад тамирчнаар нэрлэгдлээ



Их Британий мэдээллийн ВВС агентлагаас жил бүр спортын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил ВВС агентлагийн “BBC Overseas Sports Personality of the Year” буюу Британи бус тамирчинд олгодог шагналын эзнээр 36 настай Швейцар теннисчин Р.Федерер шалгарчээ.

“Швейцар цаг” хочит ахмад теннисчин Р.Федерерийн хувьд энэ жилийг амжилт арвинтай үдэж байна. 2012 оноос хойш бэртлийн улмаас төдийлөн өндөр түвшинд тоглож чадахгүй байсан Р.Федерерийг зодог тайлах дөхөж байна хэмээн үзэж байсан хүмүүс олон байсан болов уу? Харин тэр энэ жил 4 ИХ Дуулга тэмцээний хоёрт нь буюу Австралийн нээлттэй тэмцээн, Уимблидонд түрүүлсэн. 5 жилийн дараа Их Дуулгын цомыг хүртсэн бөгөөд Уимблидоны түүхэнд тус тэмцээний цомыг хамгийн олон удаа (8) өргөсөн теннисчин болон тэмдэглэгдсэн.

Мөн Р.Федерер ВВС агентлагийн тус шагналыг 4 дэх удаагаа хүртэж тус шагналыг хамгийн олон хүртсэн Британи бус тамирчин болж байна. Өмнө нь 2004, 2006, 2007 онуудад тус шагналыг хүртэж байсан бөгөөд 3 удаа хүртсэн амжилтаараа Ямайка улсын алдарт ойрын зайн гүйгч У.Болт, домогт боксчин М.Али нарын хамтаар дээд амжилтыг эзэмшиж байсан юм.

Тэрээр тус шагналыг хүртсэн Р.Федерер “Британий олон нийт намайг сонгож миний төлөө саналаа өгсөнд баярлалаа. Бүх цаг үеийн агуу тамирчидтай хамтдаа нэг жагсаалтанд бичигдэж байгаа маань бахархалтай байна” хэмээн ярьжээ.

Алдарт теннисчин, Их Дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн БҮХ-ЦАГ үеийн хамгийн олон цомын эзэн Р.Федерер 2017 онд:

-          Их Дуулга: Австралийн нээлттэй тэмцээний аварга, Уимблидоны аварга

-          АТР Мастерс-1000: Индиан Уэлльс, Миами, Шанхайн тэмцээнүүдийн аварга

-          Бусад: Халле, Базелын тэмцээнүүдийн аварга

-          Ялалтын хувь: 91.2% буюу 52 ялалт, 5 ялагдал

-          Шагналын сан: 13 сая ам.доллар

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн