Солилцоо, наймааны шуум



Х.Мхитаряныг М.Өзилөөр

Ж.Моуриньо багийнхаа Армени хагас хамгаалагч Х.Мхитаряныг багаас явуулах хүсэлтэй байна. Х.Мхитаряныг Арсенал клубын Герман хагас хамгаалагч М.Өзилөөр солих хүсэлтэй байгаа ажээ. Армени хагас хамгаалагчийн хувьд “Олд Траффорд” дахь байр суурь нь аль хэдий нь уналтанд ороод байгаа юм. Х.Мхитарян 10 сарын 21 хүртэл багийнхаа гараанд гарч байсан бол 11 сарын 6-нд Челси клубтэй хийсэн тоглолтоос хойш гараанд төдийгүй сэлгээнд ч багтаагүй байна. Сүүлийн 6 тоглолтонд ердөө 19 минутыг талбай дээр өнгөрүүлсэн байна. Ж.Моуриньо Армени залуугаас илүүтэй Англи залуу Ж.Лингардын талбайд гаргаж байгаа билээ. Ямартаа ч Армени залуу Х.Мхитарян клуб дэх байр сууриа алдаад байгаа бөгөөд өөрөө ч багаас явах хүсэлтэй байгаа бололтой.

Бавари Мюнхэн клуб Д.Луйзыг сонирхож байна

Челси дэх байр суурь нь нэгэнт байхгүй болоод байгаа Бразил хамгаалагч Д.Луйзыг сонирхож байгаа багууд олон байна. Испаний Реал Мадрид, Английн Манчестер Юнайтед багууд дээр нэмэгдээд Германы Бавари Мюнхэн клуб Бразил хамгаалагчийн төлөөх өрсөлдөөнд орж ирлээ.

Челси клубын дасгалжуулагч А.Конте 3 хамгаалагчтай тоглож байгаа бөгөөд Г.Кэхилл, С.Аспиликуэта, А.Кристенсен болон А.Рюдигер нарт хамгаалалтаа даатгаад байна. Ялангуяа төвдөө 21 настай Дани хамгаалагч А.Кристенсенийг гараанд гаргаж байгаа. Мэдээж хүчирхэг, шилдэг төвийн хамгаалагч Д.Луйз сэлгээнд удаан суухыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл ирэх зуны ДАШТ-нд шигшээ багтаа найдвартай багтаж, гараанд гарах нь ч эргэлзээтэй болно. Иймд энэ өвлийн солилцоогоор багаас явах нь зөв шийдвэр болов уу?

Пэп Нидерланд хамгаалагч Виржил ван Дейкийн араас

Энэ улиралд урьд өмнө нь байгаагүй ялгуусан амжилтыг үзүүлж буй Пепийн Манчестер Сити клуб хамгаалалтандаа улам бүр хүч нэмэх хүсэлтэй байгаа ажээ. Ирэх 1 сард эхлэх солилцоогоор төвийн хамгаалагч авахаар ажиллаж байгаа бөгөөд Саутхэмптон клубын Нидерланд хамгаалагч ван Дейк, Вест Бромич Альбион клубын Умард Ирланд хамгаалагч Ж.Эвнас нарын аль нэгийг авчрах хүсэлтай байна.

Энэ улиралд Пепийн баг Ж.Стоунс, Н.Отаменди, В.Компани, К.Уолкер, Е.Мангала, Данило болон Б.Менди нараас бүрдсэн хамгаалалтын шугамтай. Гэвч баян Араб эзэдтэй Манчестер Сити клуб төвийн хамгаалалтандаа улам бүр хүч нэмэх хүсэл дүүрэн байна. Ямартаа ч ван Дейкийн төлөө 70 сая паунтыг төлөхөд бэлэн байгаа бололтой.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн