Й.Бьо хурдтай бас мэргэн байна



Эрэгтэйчүүдийн 10 км-н спринт уралдаан тус сонирхолтой боллоо. 106 биатлонч гараанаас гарч уралдснаас 40 тамирчин байг 100% амжилттай оносон. Өөрөөр хэлбэл тамирчид буудлагын үр дүнгээс илүүтэй цанын гулгалтын хурдаараа энэ өдөр өрсөлдсөн гэхэд болно. ТОП-10-т багтсан тамирчдаас А.Шипулин л хэвтээ буудлагаас 1 байг алдсан.

Ингээд энэ удаагийн ялагчаар Норвеги залуу Й.Бьо 22 мин 16.9 сек-н амжилтаар тэргүүлсэн бол түүний араас Франц залуус болох М.Фуркад, А.Гигонна нар эхний 3-т багтлаа.

ТОП-10-т багтсан биатлончид:

  1. Й.Бьо (Норвеги) – 22 мин 16.9 сек (0-0)
  2. М.Фуркад (Франц) – +21.1 сек (0-0)
  3. А.Гигонна (Франц) – +34.7 сек (0-0)
  4. С.Шемпп (Герма) – +41.8 сек (0-0)
  5. С.Дестье (Франц) – +45.8 сек (0-0)
  6. А.Шипулин (Орос) – +54.9 сек (1-0)
  7. Ф.Гейсбакк (Норвеги) – +21.1 сек (0-0)
  8. Т.Лапшин (БНСУ) – +1 мин 05.1 сек (0-0)
  9. Д.Виндиш (Итали) – +1 мин 07.6 сек (0-0)
  10. Т.Бюрке (АНУ) – +1 мин 08.2 сек (0-0)

Ямартаа ч Й.Бьо М.Фуркадыг дахиад нэг удаа, тэр тусмаа нутаг дээр нь ялж чадлаа. Тэгвэл 3-р байранд орж хүрэл медаль хүртсэн Франц залуу А.Гигонна карьертаа анх удаагаа Дэлхийн цомын медаль хүртэж байна. Түүнийг барианд ороход шигшээ багийн хамтрагч М.Фуркад маш их баярлаж байсан.

Германы шилдэг биатлонч С.Шемпп энэ удаа мөн л 4-р байранд орлоо. Австрид явагдсан спринт болон цуваа гараанд дөнгөж подьюмын гадна үлдэж байсан бол энэ удаа мөн адил медалийн гадна үлдлээ. Тэгвэл Оросын шилдэг тамирчин А.Шипулин 1 сум алдсан ч 6-д орсон. Антоны хувьд бай алдахгүй бол медалийн тавцан ойрхон байна. Харин Дэлхийн цом эхэлснээс хойш 3 удаа шагналын тавцан дээр гараад байсан Словений Я.Фак 1 байг алдаж буудсанаар 13-р байранд орсон байна. Энэ өдрийн бас нэг тамирчинг онцлох хэрэгтэй. Тэр бол БНСУ-ын нэрийн өмнөөс уралдаж буй Орос залуу Т.Лапшин юм. Хэд хэдэн удаа Дэлхийн цомын медалийн тавцанд гарч байсан Орос залуу энэ улирлаас БНСУ-ын шигшээ багт багтан уралдаж анх удаагаа ТОП-10-т багтаж байна.

Ийнхүү эрэгтэйчүүдийн спринт уралдаан тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болж дүнгээ гаргасан. Маргааш цуваа гараа бас л сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй өрнөх магадлал өндөр болж байна. Й.Бьо, М.Фуркад нартай хамтдаа шагналын тавцан дээр гарах эрхийн төлөө С.Шемпп, А.Шипулин, Д.Виндиш, Я.Фак нарын залуус өрсөлдөх болов уу?  

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн