Happy Birthday ROBERT LANG



1970 оны 12 сарын 19-ний ЭНЭ ӨДӨР Чехийн хоккейчин Роберт Ланг мэндэлжээ.

Чех улс бол Канад, Орос, Америк, Швед, Финланд улсуудын адилаар шайбтай хоккейн “их гүрэн”. Хуучны Чехословак, одоогийн Чех болон Словак улсуудаад олон арван шилдэг хоккейчин төрөн гарсны нэгэн “том” төлөөлөл бол Р.Ланг юм. Хүчирхэг төвийн довтлогч Р.Ланг 1990-ээд оны дунд үед алдарт Я.Ягр, Д.Гашек, И.Шлегр, М.Страка, М.Ручинский, Я.Шпачек ...нарын хамтаар хүчирхэг Чехийн шигшээ багийг бүрдүүлж байсан. Үүнийг илтгэх мэт Р.Лангийн шагналын цуглуулганд Олимпийн алт, хошой хүрэл, ДАШТ-ний алт, хошой хүрэл медаль бий. Мэдээж түүний энэ олон медалийн дундаас 1998 оны Наганогийн Олимпийн наадмын хоккейн алтан медалийн төлөө ах дүү Буре, С.Фёдоровоор удирдуулсан Оросын шигшээ багийг хожиж хүртсэн алтан медаль “онцгой” байдаг болов уу?

Р.Ланг хуучнаар Чехословак, одоогийн Чех улсын хойд нутгийн Теплисе хотод төрсөн. Тэрээр тамирчны карьераа 18 настайдаа Чех улсынхаа дээд лигийн Литвинов багаас эхлүүлсэн байдаг. Чехийн дээд лигт тоглосон 2 дахь жилдээ ҮХЛ-н драфтад нэрээ өгч, улмаар 1992-1993 оны улиралд хилийн чанадыг зорин Лос-Анжелес Кингс багийн бүрэлдэхүүнд багтсан. Гэвч түүний ҮХЛ дэх карьер тийм ч дардан байгаагүй. Харин Р.Ланг 1997 онд Питтсбург Пингвинс багт ирснээр түүний ҮХЛ дэх карьер амжилттай урагшилж эхэлсэн ажээ. Р.Ланг 21 жил мөсөн талбайд тоглосон байдаг бөгөөд Хойд Америкийн ҮХЛ-т Лос-Анжелес Кингс, Бостон Брюинс, Питтсбург Пингвинс, Вашингтон Капиталс, Детройт Ред Уингс, Чикаго Блэйкхаукс, Монерал Канадиенс болон Финикс Койотис багуудад тоглож байсан.

Түүний карьер нь клубээс илүүтэй шигшээ багтаа өндөр амжилт үзүүлсэн байдаг. Түүний амжилтуудаас дурьдвал:

-          Олимп: 1998-Нагано алт, Альбервиль-1992 хүрэл, 2006-Турин хүрэл

-          ДАШТ: 1996 онд алт, 1992, 1997 онуудад хүрэл

Харин тэр ҮХЛ-т 1078 тоглолтонд оролцохдоо Стэнлийн цомын төлөөх плэй-оффын тоглолтонд 91 удаа оролцсон байдаг. Р.Ланг өдгөө АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотноо эхнэр, 2 охины хамт амьдарч байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн