Ансигийн гарааг эргээд харъя: Эрэгтэй ганцаарчилсан төрөл



Одоогоос 4 жилийн өмнө Францын Ансид биатлоны Дэлхийн цомын гараа зохион байгуулагдаж байсан. Тухайн үед Норвегийн Й.Бьо хамгийн шилдэг нь байсан. Тэгвэл энэ удаа М.Фуркад нутаг дээрээ түрүүлж чадах уу? гэсэн хүлээлттэйгээр Ансигийн гараа эхэлсэн. Альпийн нурууны баруун талд орших Анси дахь цанын баазад дан ганцаарчилсан төрлийн уралдаан зохион байгуулагдсан. Спринт болон хөөх буюу цуваа гараанууд болсон бол дээр нь энэ улирлын эхний масс старт буюу бөөн гараа явагдсан.

Й.Бьогийн ялалтын буухиа үргэжилсээр...

Мэдээж гол өрсөлдөөн бол Й.Бьо болон М.Фуркадын дунд өрнөж байна. Гэхдээ дүү Й.Бьо яалт ч үгүй шилдэг нь байж спринт болон хөөх гараанд хоюуланд нь ялалт байгуулсан. Норвеги залуу Й.Бьо хоёр гараанд хоюуланд нь ялалт байгуулсан нь зохион байгуулагч орны хөгжөөн дэмжигчдийн хувьд таатай байгаагүй болов уу? Й.Бьогийн биеийн бэлтгэлжилт, буудлага болон тэшилт энэ жил үнэхээр сайн байна. Тэрээр улирлын нээлтийн гарааны 20 км-н хувийн ганцаарчилсан гараанд зүгээр ч нэг түрүүлээгүй шүү гэдгээ Й.Бьо хангалттай харуулаад байна. Тэрээр Австрийн Хохфильцендэд болсон гарааны дараа “энэ бол миний карьерын хамгийн гайхалтай эхлэл болж байна. Би зүгээр л таашаал авахыг хүсэж байна. Учир нь би дараагийн гараанд юу болохыг мэдэхгүй” хэмээн ярьсан. Гэвч тэр Хохфильцендийн гарааны дараа Ансид дахиад ялалтын цувралаа үргэлжлүүлж чадлаа. Харин тэр масс старт буюу бөөн гараатай уралдаанд эхний хэвтээ байрлалаас буудахдаа 2 сум алдаж М.Фуркадыг урдаа алдсан. Гэхдээ энэ бол М.Фуркадын хувьд байх ёстой ялалт юм.

 

Дарамтыг даван гарсан М.Фуркад

4 жилийн өмнө анх удаагаа Ансид биатлоны Дэлхийн цомын гараа зохион байгуулагдсан. Гэвч тухайн гараанд эзэн орны шилдэг биатлонч М.Фуркад ердөө 1 хүрэл медалийг 10 км-н спринт төрөлд хүртсэн. Иймд энэ удаагийн Дэлхийн цомын гараанд нутгийн хөгжөөн дэмжигчдээс М.Фуркадад ирэх хүлээлт, дарамт их байсан нь дамжиггүй. Эхний 2 гараанд хүчтэй өрсөлдөгч Й.Бьод түрүүгээ алдсан нь М.Фуркадын хувьд хүнд байсан болов уу? Гэхдээ тэр сүүлчийн гараа болох 15 км-н масс старт буюу бөөн гараатай уралдаанд гайхалтай байж алтан медаль хүртлээ. Тэрээр 4 дэх буюу сүүлчийн босоо байрлалаас буудах буудлагаа дуусгаад үнэхээр баярлаж байсан. Арга ч үгүй байх. Нутгийн хөгжөөн дэмжигчиддээ ялалтаар, алтан медалиар бэлэг барьж чадсан юм чинь.

 

А.Гигонна нутаг дээрээ карьерынхаа анхны медалийг хүртлээ

10 км-н спринт төрөлд Франц залуу А.Гигонна хэмээх залуу “гэнэт” цоорч медалийн тавцан дээр гарлаа. Гараанаас 88-аар гарсан залууг ийн медаль хүртэнэ гэж бодоогүй. Германы С.Шемпп бараг л улирлын анхны шагналын тавцан дээр гарлаа гэж харж байсан ч А.Гигонна байнуудаа алдалгүй буудаж, тэргүүлэгчээс 34.7 сек-н алдагдалтай барианд орж “сюрприз” барьсан. Ингэснээр С.Шемпп “дахиад” л 4-р байранд орсон. Энэ өдөр мөн А.Гигоннагаас гадна Франц залуу С.Детьё амжилттай уралдаж 5-р байранд шалгарсан. Ерөнхийдөө Франц залуус сайн уралдсан.

А.Шипулин нойрноосоо сэрж байна

Оросын шилдэг биатлонч хөөх уралдаанд хүрэл медаль хүртэж шагналын тавцан дээр гарч чадлаа. Спринт уралдаанд 1 сум алдаж 6-р байранд орсон. 1 сум алдсан ч ТОП-10-т багтан. Түүнд медаль ойрхон харагдаж байсан бөгөөд хөөх уралдаанд энэ улирлын “цангаа”-гаа тайлж медаль хүртсэн. Хэрвээ Антон 15 км-н бөөн гараанд бариаг сайн хийж чадсан бол дахиад медаль хүртэх боломж байсан. Гэвч тэр Германы Э.Лессерт тэшилтэн дээр ялагдаж 4-р байранд орсон. А.Шипулин хэдийгээр улирлын анхны медалиа хүртсэн ч ерөнхийдөө жигдхэн уралдсаар, ТОП-10-т бараг л тогтмол багтаж нийлбэр дүнгээр 5-д багтаж байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн