Ансигийн гарааг эргээд харъя: Эмэгтэй ганцаарчилсан төрөл



Настья болон Лаура нарын өрсөлдөөн сонирхолтой, үзүүштэй явагдаж байна. Тэдний хувьд ирэх Олимпийн наадамд медалийн тавцан дээр гарах бодит боломж харагдаж байна.

Настья, Лаура нарын дунд гол өрсөлдөөн явагдлаа

Словакийн Орос бүсгүй Анастасья Кузмина энэ жил бэлтгэл сайн байна. Тэр үүнийгээ Ансид мөн батлан харуулаад байна. Спринт уралдаанд түрүүлсэн бол хөөх гараанд мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ түүнд Герман бүсгүй, өнгөрсөн оны Дэлхийн цомын аварга Лаура Далмайер хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна. Герман бүсгүй Лаура спринт гараанд Настьяг урдаа алдсан бол хөөх гараанд ердөө 1 сум алдаж алтан медаль хүртсэн. Харин Настья хөөх гараанд 4 сум алдсан нь түүний амжилтыг хойш татлаа. Ялангуяа хэвтээ байрлалаас эхний буудалтандаа 3 сум алдсан нь энэ өдрийн амжилтанд нь шууд сөргөөр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч Настья тэргүүлэгчийн шар цамцаа өөртөө үлдээж чадлаа. Хэрвээ Лаура Шведийн Эстерсундэд болсон гарааг өнжөөгүй бол шар цамцны эзэн арай өөр байсан байх магадлалтай юм.

 

“ахмад” тамирчид ТОП-10-т

Өдгөө 31 настай, биатлончид дундаа харьцангуй ахмадад орох Швейцарын С.Гаспарин болон Украйны Вита Семеренко нар Ансигийн нэгэн “чимэг” нь байлаа. Олимпийн наадмаас хувийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж явсан С.Гаспарин хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч ойрын хэдэн жилдээ үзүүлээгүй өндөр амжилттай уралдлаа. Тэр Ансид 90%-тай буудаж, спринт болон хөөх гараанд хоюуланд нь ТОП-10-т багтсан. Тэр дундаа хөөх гараанд дөнгөж медалийн тавцангийн гадна үлдэж 4-р байранд орсон. С.Гаспарин 4 жилийн өмнө яг эндээс спринт төрөлд алтан медаль хүртэж байсан.

Тэгвэл Украйны Вита Семеренко 2014 оны Сочигийн Олимпийн наадмаас хойш анх удаагаа медалийн тавцан дээр гарлаа. Бэртэл, мөн хүүхэд төрүүлсний улмаас тогтмол амжилттай уралдаж чадаагүй байсан бол энэ улиралд үнэхээр жигдхэн, өндөр амжилттай уралдаанаа үргэлжлүүлж байна.

 

Ж.Брезагийн ирээдүй гэрэлтэж байна

Францын эмэгтэй биатлончдын амжилтыг С.Байгаас хойш М.Дори-Абер бөхөөлгүй авч явсан. Тэгвэл энэ улирлаас ердөө 21 настай, 3 дахь улиралдаа Дэлхийн цомд өрсөлдөж буй Ж.Бреза Францын эмэгтэй биатлончдын нэр хүндийг үүрч байна. Ялангуяа тэр нутагтаа болсон гараанаас масс старт уралдааны төрөлд алтан медаль хүртэж Францын хөгжөөн дэмжигчдэд бэлэг бариад байна.

Ж.Бреза улирлын эхний гараанд зүгээр ч нэг азаар шагналын тавцанд гараагүй юм байна. Ансид болсон 3 гараанд гурвууланд нь ТОП-10-т багтаж, сүүлчийн гараа буюу бөөн гараатай уралдаанд алтан медаль хүртсэн. Ийм формтой байгаа түүнээс Олимпийн медаль нэг их хол харагдахгүй байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн