Happy Birthday YOHAN BLAKE



1989 оны 12 сарын 26-ны ЭНЭ ӨДӨР хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Иохан Блэйк Ямайка улсад мэндэлжээ.

Хөнгөн атлетикийн спортын энэ цаг үеийн шилдэг спринтчдийн нэг бол Ямайка улсын тамирчин Й.Блэйк юм. Тэрээр 100 м-н зайд 9.69 сек-н амжилтаар Т.Гэйгийн хамтаар БҮХ ЦАГ ҮЕИЙН 2-рт бичигддэг бол 200 м-н зайд 19.26 сек-н амжилтаар мөн БҮХ ЦАГ ҮЕИЙН 2-рт бичигддэг. Түүний өмнө мэдээж хөнгөн атлетикийн домогт тамирчин, нутагт нэгт У.Болт бичигдэнэ. Мөн Й.Блэйк ойрын зайн шилдэг тамирчидтай Ямайка улсынхаа Өсвөрийн 100 м-н рекордыг эзэмшдэг ажээ.

Ямайка улсын шилдэг тамирчин Й.Блэйк анх крикетийн спортод дуртай, дунд сургуулийн сурагч ахуйдаа крикетийн спортоор хичээллэдэг байсан. Гэхдээ одоо ч гэсэн крикетийн спортоо орхиогүй байгаа ажээ.

Й.Блэйкийн хөнгөн атлетикийн спорт дахь анхны ОУ-ын томоохон тэмцээн нь Карибын орнуудын чөлөөт худалдааны нийгэмлэгийн гишүүн орнуудын спортын наадам байсан юм. 2005 онд Тринидад ба Тобаго улсад болсон тус спортын наадамд 100 болон 200 м-н зайд хоюуланд нь алтан медаль хүртсэн. Харин тэр жилийнхээ 7 сард болсон Өсвөрийн ДАШТ-нд амжилт үзүүлж чадаагүй байдаг.

Түүний үзүүлсэн томоохон амжилтуудаас дурьдвал:

-          Олимп: 2012-Лондон 4х100 м АЛТ, 100 м мөнгө, 200 м мөнгө, 2016-Рио 4х100 м АЛТ

-          ДАШТ: 2011 онд 100 м АЛТ, 4х100 м АЛТ

Мөн Өсвөрийн ДАШТ-нээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Пан Америкийн Өсвөрийн АШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл, Төв Америк болон Карибын орнуудын Өсвөрийн АШТ-нээс 3 алт, Карибын орнуудын чөлөөт худалдааны нийгэмлэгийн орнуудын спортын наадмаас 5 алтан медаль хүртсэн.

Й.Блэйк дан ганц хөнгөн атлетикийн спортоос гадна крикет, формула, хөлбөмбөгийн спортын үнэнч фанат юм.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн