2017 оны Дэлхийн спортын ОНЦЛОХ 10 үйл явдал



Монголын спортын төрөлжсөн ССПОРТ цахим хуудас улиран одож буй 2017 оны Дэлхийн спортын онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна. 

  1. Р.Федерер, Р.Надал нарын “эргэн” ирэлт

36 настай “Швейцар цаг” хочит Швейцар теннисчин Р.Федерер 2012 оноос хойш 5 жилийн дараа, 31 настай “Шороон кортны Хаан” хочит Испаний теннисчин Р.Надал 2014 оноос хойш 3 жилийн дараа Их Дуулга тэмцээний цомыг хүртлээ. Тэднийг бэртэл, гэмтлийн улмаас карьераа өндөрлүүлж байна уу гэсэн бодол спорт сонирхогчдын дунд байсан болов уу? Ялангуяа 36 настай Р.Федерерийн хувьд нас болоод бэртэл, гэмтэл нь түүнийг дахин Их Дуулга тэмцээний цомыг өргөнө гэж бодоогүй байх. Гэхдээ тэд 2017 онд залуу теннисчдийг ичээн, харих болоогүй гэдгээ харуулж Их Дуулга тэмцээний цомыг хувааж хүртлээ. Р.Федерер Австрали болон Уимблидонд түрүүлж 19 дэх Их Дуулгын цомоо хүртсэн бол Р.Надал Ролан Гаррос болон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж 16 дахь Их Дуулгын цомоо хүртсэн.

 

  1. “Реал Мадрид” клубын Европ болон ФИФА дахь түүхэн амжилт

6 сарын 3: Европын төдийгүй Дэлхийн хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Европын Аваргуудын лигт энэ улиралд шинэ түүх бичигдлээ. 1955/1956 оны улиралд Европын цом нэртэйгээр хөшгөө нээж байсан одоогийн Аваргуудын лиг 1992/1993 оны улиралд одоогийн дүр төрхөө олсон. Өөрөөр хэлбэл 1992/1993 оны улирлаас хойш Аваргуудын лиг нэртэй зохиогдож эхэлсэн тус тэмцээнд Реал Мадрид клуб анх удаагаа 2 жил дарааллан тус тэмцээний аварга болсон. Аваргуудын лигийн сүүлийн 2 улирал Реал Мадрид клубыг зогсоох баг Европын хөлбөмбөгийн ногоон талбайд байсангүй. Мөн Реал Мадрид клуб өнгөрсөн 12 сард ФИФА-н ДАШТ-нд 3 дахь удаагаа түрүүлсэн. Ингэснээр тус тэмцээнд 2 жил дарааллан түрүүлсэн анхны клуб болсон бол тус 3 түрүүлсэн амжилтаараа Барселона клубтай хамтаар тус тэмцээний цомыг хамгийн олон хүртсэн клуб болсон.

 

  1. Неймар “хүн зах”-ын ханшийг өсгөв

8 сарын 3: Францын лигийн ПСЖ клуб энэ зун Бразил улсын довтлогч Неймарыг 198 сая паунт буюу 222 сая еврогоор Испаний Барселона клубээс худалдаж авсан. Энэхүү наймаа бол хөлбөмбөгийн ертөнцөд өмнө нь гарч байгаагүй үзэгдэл бөгөөд хөлбөмбөгийн “хүн зах”-ын үнийг огцом хөөрөгдсөн үйл явдал болсон. 2013 онд Уэльс довтлогч Г.Бэйл Тоттенхэм Хотспур клубээс Испаний Реал Мадрид клуб руу 100 сая еврогоор зарагдаж олныг алмайруулж байсан. Тэгвэл 4-хөн жилийн дараа буюу 2017 онд Неймар 200 саяыг давсан үнээр ПСЖ клубт ирсэн. Францын хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг хүнээр нэрлэгдээд буй Францын ПСЖ клубын эзэн Катар эрхэм Нассер-Ганим Аль-Хелаифи ийнхүү хөлбөмбөгийн “хар зах”-ын ханшийг хөөрөгдлөө.

 

  1. “Цахилгаан” Болт зодог тайллаа

8 сарын 5: Хөнгөн атлетикийн домогт тамирчин, дэлхийн хамгийн хурдан хүн Ямайка улсын тамирчин У.Болт их спортоо орхилоо. Өнгөрсөн 8 сард болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ний 100 м-н эрэгтэйчүүдийн шигшээ уралдааны дараа У.Болт зодог тайлсан. У.Болтын медалийн цуглуулганд Олимпийн наадмын 8 алт, ДАШТ-ний 11 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль бий. Хэрвээ Бээжингийн Олимпийн наадмын буухиа уралдаанд алтан медаль хүртсэн Ямайка улсын багаас Н.Картер сэргээшийн асуудалд ороогүй бол?, Дэгүгийн ДАШТ-ний 100 м-н шигшээ уралдаанд дохионоос өмнө гарагүй бол? түүний медалийн цуглуулганд дахиад 2 алтан медаль байх ёстой байсан болов уу?

 

  1. Сая сая долларын дагуулсан “Зуун тулаан”

8 сарын 26: АНУ-ын казино, шоу-бизнесийн төв Лас-Вегас хотын “Т-Мобил Арена”-д тулааны спортын түүхэн хамгийн шилдэг тулаан боллоо. Мэргэжлийн боксын рингэнд 49 тулаан хийхдээ ялагдал гэгчийг үзээгүй “Ялагдашгүй” Ф.Мейвезер холимог тулааны энэ цагийн шилдэг тулаанч К.МкГрегор нар тулалдсан. “Зууны тулаан” хэмээгдсэн тус тулаанд 40 настай ахмад боксчин Ф.Мейвезер ялалт байгуулж 100 сая ам.доллар халаасласан бол ялагдал хүлээсэн К.МкГрегор 30 сая ам.доллар халаасласан.

 

  1. Л.Хэмилтоны 4 дэх түрүү

10 сарын 29: Авто спортын Формула-1 уралдааны “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон Мексикийн Гранприд эхний 10-т багтаж Дэлхийн аваргын болзолоо хангасан. Энэ онд Л.Хэмилтон болон түүний “Мерседес” багийн хувьд гайхалтай жил байсан. “Мерседе” баг сүүлийн 4 улирал дарааллан зохион бүтээгчийн цомыг хүртсэн бол Л.Хэмилтон сүүлийн 4 жилийн 3-т нь цомын эзэн болсон. 4-энэ бол түүний хүртсэн 4 дэх Формула-1 уралдааны цом юм. А.Прост, С.Феттел нарын хамтаар формула-1 уралдааны түүхэнд 3-т орох амжилтын эзэн болсон. 38-энэ бол түүний карьерынхаа турш үзүүлсэн хамгийн хурдан тойргийг тойрсон амжилт юм. Энэ улиралд 7 удаа хамгийн хурдан нисгэгчээр шалгарсан. Энэ амжилтаараа бүх цаг үеийн 4-т орох үзүүлэлт болсон. 62-энэ бол түүний карьертаа үзүүлсэн ялалт. Энэ улирлын 20 гарааны 9-д нь түрүүлж ялалтын тоогоо 62 болгосон. Түүний өмнө домогт М.Шумахер 91 түрүүтэй бичигдэж байна. 72-энэ бол пол-позишн буюу уралдааныг тэргүүн шугамнаас эхлүүлсэнээр формула-1 уралдааны бүх-цаг үеийн түүхэнд хамгийн олон пол-позишн гүйцэтгэсэн нисгэгч болсон.

 

  1. Италигүй Дэлхийн аваргыг өнжиж, Ж.Буффон зодог тайллаа

11 сарын 13: Италийн шигшээ баг Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд Шведийн эсрэг тоглож гоолгүй тэнцсэнээр 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нийг өнжих боллоо. Дэлхийн аваргын 4 удаагийн цомын эзэн Италийн шигшээ баг ДАШТ-ний сонгон шалгаруулалтын Европын бүсийн G хэсэгт багтаж 23 оноотой Испаний ард 2-р байранд орсон. Ингээд тэд II шатны сонгон шалгаруулалтанд Шведийн шигшээ багтай 2 тоглолт хийж 0-1 харьцаатай хожигдсон. Ийнхүү Италийн шигшээ баг 1958 оны Шведэд болсон ДАШТ-нээс хойш буюу 60 жилийн дараа ДАШТ-ний гэрээсээ үзэх болж байна. ДАШТ-ний сонгон шалгаруулалтын дараа Италийн шигшээ багаас хаалгач Ж.Буффон, хамгаалагч А.Барзагли, Ж.Келльни болон хагас хамгаалагч Д.де Росси нар зодог тайлж, дасгалжуулагч Ж.Пьеро Вентура ажлаасаа халагдсан.

 

  1. Оросгүй “цагаан” Олимп болно

12 сарын 5: ОУОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн хурлаар ОХУ-ын Өвлийн Олимпийн шигшээ багийг Пёнчан-2018 Өвлийн Олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. ОУОХ-ноос ОХУ-ын шигшээ багийг Сочи-2014 Өвлийн Олимпийн наадамд зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн гэж үзсэн тул ийнхүү эрхийг нь түдгэлзүүлсэн. Оросын шигшээгийн эрхийг хассанаас гадна Спортын сайд асан В.Мутког бүх насаар нь Олимпизмийн хөдөлгөөнд оролцох эрхийг нь хассан бол ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуковыг ОУОХ-ны гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлж, Оросын ҮОХ-нд 15 сая ам.долларын торгууль ногдуулсан. Гэхдээ Оросын нэр цэвэр тамирчид ОУОХ-ны тугийн дор оролцох бөгөөд Оросын төрийн дуулал эгшиглэхгүй, Оросын төрийн далбаа мандахгүй.

 

  1. CR7 5 дахь Баллон д’Ор шагналаа хүртлээ

12 сарын 7: Португалын шигшээ баг болон Испаний Реал Мадрид клубын довтлогч К.Роналдо 5 дахь удаагаа Баллон д’Ор шагналыг хүртлээ. Ингэснээр Л.Мессигийн хамтаар тус шагналыг хамгийн олон буюу 5 удаа хүртсэн хөлбөмбөгчин болсон. К.Роналдогийн хувьд 2017 оны календарын жил одтой байж Дэлхийн хөлбөмбөгчин шагналыг хүртээд байснаас гадна Испаний Ла лиг, Испаний супер цом, Аваргуудын лиг, Европын супер цом, ФИФА-н клубуудын ДАШТ-ний цомуудыг клубын хамтаар хүртсэн. Одоо түүний зорилго бол мэдээж 2018 оны Дэлхийн аваргын алтан цом байх болов уу?

 

  1. ҮХЛ-н 100 жилийн ой тохиолоо

12 сарын 16: Манай дэлхийн шайбтай хоккейн хамгийн нэр хүндтэй лиг болох Хойд Америкийн ҮХЛ-н 100 жилийн ой тохиолоо. Одоогоос 100 жилийн өмнө буюу 1917 оны 12 сарын 16-нд тухайн үеийн Оттава Сенаторс багийн эсрэг Монерал Канадиенс баг тоглолт хийсэн нь өдгөөгийн ҮХЛ-н анхны тоглолт болон тэмдэглэгдсэн байдаг. 2017 он бол ҮХЛ-н 100 жилийн ойн арга хэмжээгээр дүүрэн он байлаа. ҮХЛ-н Бүх-цаг үеийн шилдэг 100 хоккейчин, Бүх-цаг үеийн ТОП-10 баг гэх мэтчилэн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнүүд зохион байгуулагдсан билээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн