2018 онд болох СПОРТЫН томоохон үйл явдал



-          2 сарын 9-25: Өвлийн Олимпийн XXIII наадам

4 жил тутамд зохион байгуулагддаг “ЦАГААН” Олимп “ШАР” тивд 3 дахь удаагаа зохион байгуулагдагдах гэж байна. Тэртээ 1972 онд Японы Саппоро хотод анх удаагаа Өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдсан байдаг. Япон орон 1972, 1998 онуудад Өвлийн Олимпийн наадмын зохион байгуулж байсан бол Өмнөд Солонгосчууд Өвлийн Олимпийн наадмыг хүлээн авсан Азийн 2 дахь, Дэлхийн 12 дахь улс болж байна.

БНСУ-ын Пёнчан хот Өвлийн Олимпийн наадмын эрхийг 2011 онд авсан юм. 2011 оны 7 сард ӨАБНУ-ын Дурбан хотноо болсон ОУОХ-ны 123-р чуулганаар БНСУ-ын Пёнчан хот Францын Анси, Германы Мюнхэн хотуудтай өрсөлдөж ялалт байгуулсан. Ингэснээр БНСУ анх удаагаа Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан.

Дашрамд сонирхуулахад, Монгол улсын баг тамирчид 1964 оны Австрийн Инсбрукийн Өвлийн Олимпийн наадамд оролцсон нь Монгол улсын Олимпийн анхны “жим” байлаа. Тус наадамд биатлон, гүйлтийн цана болон тэшүүрийн спортын төрлөөр 10 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчнаа оролцуулж байсан. Тэшүүрийн спортын анхдагчдын нэг, хожмын МУГТ Л.Цэнд тэргүүтэй 13 тамирчин Монголын Олимпийн наадмын анхдагчид болсон түүхтэй.

 

-          6 сарын 14-7 сарын 15: Хөлбөмбөгийн ДАШТ

Энэ жилийн Дэлхийн спортын томоохон үйл явдал бол дэлхийн сая сая хүний анхаарлыг татах хөлбөмбөгийн ДАШТ юм. XXI дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ дэлхийн хамгийн том газар нутагтай улсад, Зүүн Европт анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн шилдэг 32 баг Дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөхөд бэлэн болж байна. Оросууд ДАШТ зохион байгуулах эрхийг Португал/Испани, Бельги/Нидерланд болон Англитай өрсөлдөн ялж авсан.

Монгол улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2018 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалтаа 2015 оны 3 сард Зүүн Тиморын эсрэг хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-1 харьцаатай хожигдсон.

 

-          8 сарын 18-9 сарын 2: Азийн XVIII наадам

“3000 арлын орон” гэгддэг Зүүн Өмнөд Азийн арлын орон Индонез улсад Азийн спортын шилдгүүд хуран чуулна. 1951 оноос хойш Ази улс орнууд XVIII дахь спортын наадамтайгаа золгож байна. Индонез улс 56 жилийн тэртээ буюу 1962 онд Азийн спортын IV наадмыг зохион байгуулж байсан бол шинэ мянганд анх удаагаа Азийн наадмыг зохион байгуулах гэж байна. Азийн орнуудын шилдгүүд 40 спортын 462 төрөл, зайд хурд хүчээ үзнэ.

Манай Монгол улс 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн VII наадмаас оролцож эхэлсэн. Монголчууд анх удаагаа оролцсон Азийн наадмаас 2 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байдаг. Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар чөлөөт бөхийн төрөлд алтан медаль, З.Ойдов, Д.Сэрээтэр, Ц.Нацагдорж нар чөлөөт бөхийн төрлөөр мөнгө, Х.Баянмөнх сонгомол бөхийн төрлөөр мөнгө, С.Гомбо боксын төрөлд мөнгө, О.Энхтайван чөлөөт бөхийн төрөлд хүрэл, Б.Ганбат боксын төрөлд хүрэл, Ц.Нацагдорж, Д.Цэрэндаш, Ж.Мөнхбат болон Д.Адъяатөмөр нар сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.

 

-          10 сарын 6-18: Өсвөрийн Зуны Олимпийн III наадам

Австрийн иргэн Йохан Росензоффын санаачлага 2007 оны 7 сард болсон ОУОХ-ны 119-р чуулганд дэмжигдсэнээр өнөөгийн Өсвөрийн Олимпийн наадмын эхлэл тавигдаж байжээ. 2010 онд Сингапур улсад эхэлсэн Өсвөрийн Олимпийн наадам Зун болон Өвлийнх нь хоюулаа тус бүр 2 удаа зохион байгуулагдаад байна.

Манай Монгол улс Сингапур улсад зохион байгуулагдсан Өсвөрийн анхдугаар Олимпийн наадмаас л шууд аваргатай болсон. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-н жинд өрсөлдсөн Б.Батцэцэг алтан медаль хүртсэн бол гимнастикийн төрөлд өрсөлдсөн Г.Эрдэнэболд алтан медаль хүртэж байсан. Ийнхүү Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нар Өсвөрийн Олимпийн наадмын түүхэн дэх Монголын анхдагчид болсон байдаг.

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн