Оберхофын гарааны өмнө: Эмэгтэй



Биатлоны 2017-2018 оны Дэлхийн цомын 2 дахь 3 гараа эхэллээ. Ийн хэлж буй учир нь энэ улиралд 9 гараа зохион байгуулагдах бөгөөд оны өмнө эхний 3 гараа болж өндөрлөсөн. Одоо 1 сард Германы Оберхоф, Руфольдинг болон Италийн Антхольцод 3 гараа явагдаад Олимпийн наадамтай золгоно. Ингээд Олимпийн дараа буюу 3 сард 3 гараа явагдаад 2017-2018 оны улирал өндөрлөх учиртай. Оберхофт спринт, хөөх болон буухиа уралдаан явагдах хуваарьтай.

Гэрийн нохойн сүүл өөдөө

Мэдээж гол фаворит нь Л.Далмайер байх болов уу? Учир нь яг онцгойрохуйц тамирчин байхгүй, харин ч уралдаан бүр тун үзүүштэй, өрсөлдөөнтэй болж байна. Тэргүүлэгчийн байр суурь 2 гарааны хооронд л өөрчлөгдөж байгаа. Өмнөх 3 гараанаас Д.Херрманн 2 гараанд тэргүүлсэн бол Л.Далмайер хувийн гараанд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Ялангуяа хамгийн сүүлд Ансид болсон гараанд Л.Далмайер 3 удаа шагналын тавцан дээр гарсан. Мөн дээрх хоёроос гадна В.Хинц, Ф.Хильдебранд, М.Хаммершмидт нарын бүсгүйчүүд бий.  За ямартаа ч ганцаарчилсан гараанд гол фаворит бол Л.Далмайер байх нь гарцаагүй, дээр нь нэмээд эмэгтэй багийн буухиад Украйны шигшээ багт л алдчихгүй бол түрүүлэхэд нэг их түүртэхгүй болов уу?

 

А.Кузмина тэргүүллээ хадгалж чадах уу?

Обрехофын гараа өндөрлөсний дараа Настяг тэргүүлэгчийн “шар” цамцыг эзэмшиж байна гэж бодохгүй байна. Түүний хувьд сул тал нь буудлага юм. Буудлага дээр алдаа гаргасан ч түүнийгээ тэшилтээрээ нөхөж байгаа. Хэрвээ Настя буудлагаа сайжруулж чадвал нэг их хойш суухгүй болов уу? Түүнээс тэргүүллийг нь булаах хамгийн өндөр магадлалтай тамирчид бол Францын залуу тамирчин Ж.Бреза болон Германы Л.Далмайер нар юм. Ж.Бреза ердөө 6 оноо дутуу Настягийн ард шил даран нэхэж яваа.

 

Эхлээд ойрын зай буюу спринт уралдаан явагдана

Улирал эхэлснээс хойш 3 удаа спринт уралдаан болсон. Тухайн гараа тус бүртээ өөр өөр тамирчин түрүүлсэн. Эстерсундэд Герман бүсгүй Д.Херрманн, Хохфильцендэд Д.Домрачева, Ансид А.Кузмина түрүүлсэн. Тэгвэл энэ удаа хэн түрүүлэх бол? Хэрвээ буудлагаа амжилттай гүйцэтгэж чадвал Настя Далмайертай үзэж болох юм. Гэхдээ тухайн өдөр хэн илүү азтай, одтой, бие болоод сэтгэлзүйн бэлтгэл сайтай байна, тэр л тамирчин түрүүлнэ. Иймд Настя, Далмайер нараас гадна Ж.Бреза, К.Макарайнен, Л.Виттоцци, Ю.Жима, эх дүү Семеренко нарыг тооцооны гадна үлдээж болохгүй.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн