Оберхофын гарааны өмнө: Эрэгтэй



М.Фуркадын эсрэг Й.Бьо

Улирал эхэлснээс хойш Франц болон Норвеги залуусын өрсөлдөөн тун сонирхолтой явагдаж байна. Франц залуу М.Фуркадын хувьд энэ улирал эхэлснээс хойш ганц ч удаа шагналын тавцангийн гадна зогссонгүй. Харин Й.Бьо улирлын эхэнд Эстерсундэд эхний гарааг эс тооцвол спринт болон хөөх гараанд тун хангалтгүй уралдсан. Гэсэн ч Й.Бьо алдаагаа бүрэн засаж М.Фуркадад маш хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна. Энэ хоёрын яг одоо үзүүлж буй өрсөлдөөний тухайд олон таван үг илүүц биз. Зүгээр үзэхэд л хангалттай болов уу?

 

Германы нэр төрийг “үүрэгч” Э.Лессер

Энэ улиралд Германы багаас Э.Лессер л 2 удаа удаа шагналын тавцанд гарч, хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна. Харин С.Шемпп, Б.Долль, А.Пайффер нарын залуус багийн уралдаанд л шагналын тавцанд гарсаныг эс тооцвол ганцаарчилсан уралдаанд шагналын тавцан дээр гарч чадаагүй л байна. Нэг талаар М.Фуркад, Й.Бьо болон Я.Фак нарын өрсөлдөөн Герман залууст боломж олгохгүй байх шиг. Харин энэ хугацаанд 29 настай Э.Лессер 4 удаа ТОП-10-т багтаж 2 удаа шагналын тавцан дээр гараад байна.

С.Шемппэд шагналын тавцан ойрхон байна

Улирал эхэлснээс хойш С.Шемппийн шагналын тавцан дээр гарч чадаагүй л байна. Гэхдээ тэр улирлын турш тун чанартай өрсөлдөөн үзүүлж байна. Одоо явагдаад байгаа ганцаарчилсан 8 гарааны 5-д нь ТОП-10-т багтсан бөгөөд нийлбэр дүнгээр 271 оноотой 4-т явж байна. Түүний өмнө М.Фуркад, Й.Бьо болон Я.Фак нар л бий. Эдгээр 3 тамирчин бол яалт ч үгүй шилдэг уралдаан үзүүлж, шагналын тавцан дээр удаа дараа гарсан.

С.Шемппийн хувьд шагналын тавцан дээр гарахад тийм ч их хугацаа шаардагдахгүй болов уу? Учир нь “гэрт”-ээ 2 гараа дарааллан уралдана. Түүний хувьд Ансид болсон спринт төрөлд бараг л шагналын тавцан дээр гараад байтал А.Гигонна хэмээх Францын “битүү морь” гэнэт гарч ирэн хүрэл медалийг нь булаасан. Харин Хохфильцендэд спринт төрөлд 1 сум алдаж Я.Факыг урдаа алдаж 4-р байранд орсон бол мөн гарааны хөөх уралдаанд М.Фуркадад ялагдаж 4-р байранд орсон. Одоо түүний хувьд азгүйтлээ эцэс болгох цаг болсон.

 

Ланди ирж, Эдер өнжинө

Улирлын эхний гараанд Ю.Эберхард л 2 удаа ТОП-10-т багтсаныг эс тооцвол Австрийн залуус “чимээгүй” байна. Харин сүүлд Ансид болсон гараанд багийн лидер С.Эдер 9-р байранд орсон. Гэвч С.Эдер өвчний улмаас Оберхофт уралдахгүй. Багийн лидер нь уралдааныг өнжиж байгаа нь таагүй ч Австрийн багт нэг таатай мэдээ байгаа нь Д.Ландертингер шигшээ багтайгаа нэгдэж, уралдахад бэлэн болоод байна. Д.Ландертингер бол Олимп, Дэлхийн медальтай мөн Дэлхийн цомд хэд хэдэн удаа шагналын тавцанд гарч байсан туршлагатай тамирчин. Харин түүний хувьд дөнгөж ирж байгаа тул хангалттай бэлтгэлтэй байж чадах болов уу? Ямартаа ч хүчтэй өрсөлдөөн үзүүлэх учиртай Австричууд “зулын гол”-ыг бөхөөчихгүй л уралдаанаа үргэлжлүүлж байна.

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн