М.Фуркад шинэ оныг ялалтаар эхлүүллээ



Оберхофт эрэгтэй 10 км-н спринт гараа явагдлаа. Энэ удаагийн уралдаанд М.Фуркад ээлжит түрүүгээ хүртсэн бол Норвеги залуус шилдэг уралдаан үзүүлсэн.

  1. М.Фуркад (Франц) – 25 мин 03.3 сек (0-0)
  2. Э.Свендсен (Норвеги) – +8.1 сек (0-0)
  3. Й.Бьо (Норвеги) – +10.- сек (2-0)

М.Фуркад: түүнд энэ өдөр алдаа мадаг үнэндээ гарсангүй. Энэ улирал эхэлснээс хойш нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа ч спринт уралдаанд түрүүлээгүй байсан. Тэгвэл Оберхофыг ялалтаар эхлүүлж, спринт уралдаанд түрүүллээ. Өнөөдөр тэр хөөх уралдаанд түрүүлэх магадлал тун өндөр юм.

Й.Бьо: дүү Й.Бьо тэшилтээрээ хамгийн шилдэг нь гэдгээ батлан харууллаа. Спринт уралдаанд 2 байтугай 1 сум алдсан тохиолдолд ТОП-10-т багтана гэдэг амаргүй. Гэхдээ Й. Бьо эхний хэвтээ буудлагаас 2 сум алдсан ч “бүр” медалийн тавцан дээр гарлаа. Тэрээр тэмцээний дараах хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “би тийм ч хурдан байгаагүй. Тэшилтийн хурдаа өөрчлөхийг хүсэж, өнгөрсөн амралтын хугацаанд ажилласан. Гэхдээ өнөөдөр надад буудлага хийхэд хүнд байлаа” гэжээ. Хэрвээ Й.Бьо буудлагаа алдаагүй бол хангалттай байсан байна. Ямартаа ч хөөх уралдаанд М.Фуркад-Й.Бьо гэсэн тулааныг шимтэн үзэх боломжтой болж байна.

Э.Свендсен: ид үеэ өнгөрөөж буй Норвегийн 32 настай Э.Свендсен  улирал эхэлснээс хойш медалийн тавцан дээр гарч чадахгүй 2 ч удаа 4-р байранд шалгараад байсан. Тэгвэл спринт уралдаанд амжилттай уралдаж энэ улирлын анхны медалиа зүүлээ. Уралдааны дараа баяртай байгаагаа илэрхийлээд эргэн ирэлт хийхийг хүсэж байна гэсэн байна.

Т.Бюркэ: 35 настай Америкийн ахмад биатлонч Оберхофт болсон спринт уралдаанд маш сайн уралдлаа. Ганц ч сум алдалгүй буудаж тэргүүлэгчээс 20.1 сек-н алдагдалтайгаар 4-р байранд орсон. Энэ нь түүний энэ улиралд төдийгүй 2015/2016 оны улирлаас хойш үзүүлж буй хамгийн өндөр амжилт болж байна. Мэдээж харьж яваа түүний хувьд 4-р байр гэдэг бол өндөр амжилт юм. Ямартаа ч Америкийн ахмад тамирчин энэ улиралд анх удаа ТОП-10-т багтаж байна.

Я.Фак: Словени биатлонч Я.Фак хэтэрхий удаан байна. Энэ улиралд түүний хувьд ойрын жилүүдэд үзүүлээгүй амжилттай уралдаж байгаа ч тэшилт нь хангалтгүй гэдгээ бас л харууллаа. Хэрвээ тэр амжилтаа хадгалж, шилдгүүдтэй өрсөлдөх гэвэл тэшилтийн хурдаа сайжруулах шаардлагатай байгаа.

А.Шипулин: Оросын найдвар Антон тун хангалтгүй улирлыг үргэлжлүүлж байна. Энэ улирал эхэлснээс хойш ганцаарчилсан уралдаанд ердөө 1 удаа л шагналын тавцан дээр гарсан Орос залуу Оберхофын спринт уралдаанд байрлал тус бүртээ 1:1 сум алдаж 28-р байранд орлоо. Антоны хөөх уралдаанд сайн уралддаг. Иймд өнөөдрийн хөөх уралдаанд ТОП-10-т багтах болов уу? Гэхдээ Антон энэ улиралд хангалттай өрсөлдөөн үзүүлэхүйц биш байна.

Герман залуу нутагтаа тун хангалтгүй уралдлаа. А.Пайффер л 12-р байранд орсныг эс тооцвол тун хангалтгүй. С.Шемппийн хувьд ярих зүйл алга. Хэвтээгээс 2, босоогоос 1 сум алдаж 34-р байранд орлоо. Ямартаа ч хөөх уралдаанд уралдах эрхтэй болсон нь хөгжөөн дэмжигчдийнх нь хувьд таатай мэдээ болов уу?

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн