Өвлийн Олимпийн I наадам: Шамони-1924



  • Зохион байгуулагч орон: Франц улс (Европ тив)
  • Огноо: 1924 оны 1 сарын 25-ны өдрөөс 2 сарын 5-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 16 улс (Европын 14, Хойд Америкийн 2)
  • Нийт оролцсон тамирчин: 258 тамирчин
  • Спортын төрөл: 5 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: Шамони Олимпийн цэнгэлдэх
  • Нээсэн хүн: Францын Биеийн тамирын газрын НБД Гастон Видаль

Францууд 1924 оны өвөл “Өвлийн Спортын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулсан нь өдгөөгийн Өвлийн Олимпийн наадмын эхлэл болж байжээ. Гэхдээ 3 жилийн өмнө 1921 онд Швейцарын Лозанн хотод хуралдсан ОУОХ-ны хурлаас 1924 онд “ОУ-ын Өвлийн Спортын 7 хоног”-г Францын Шамонид зохион байгуулах шийдвэр гаргаж байсан. Анх “Өвлийн Спортын 7 хоног” нэртэй зохион байгуулагдсан уг спортын үйл ажиллагааг 1925 онд хуучин Чехословак улсын Прага хотноо болсон ОУОХ-ын 23-р чуулганаар Өвлийн Олимпийн анхдугаар наадам хэмээх тооцож байжээ.

Шамоны Өвлийн Олимпийн наадам нь тэшүүр (уран гулгалт, гүйлтийн тэшүүр), цана (цанын 2 төрөлт, гүйлтийн цана, трамплин харайлт болон тухайн үеийн цэргийн манаа), шайбтай хоккей, кёрлинг, бобслей гэсэн спортын 5 төрөлд зохион байгуулагдсан.
Өвлийн Олимпийн наадмын түүхэнд анхны алтан медалийг АНУ-ын гүйлтийн тэшүүрийн тамирчин Чарлез Жетроу 500 м-н зайн төрөлд хүртсэн. Тэгвэл Финландын гүйлтийн тэшүүрийн тамирчин Клас Тунберг 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл, нийт 5 медаль хүртэж хамгийн олон медаль хүртсэн тамирчин болсон бол Норвегийн цанын тамирчин Торлейф Хёуг 3 алтан медаль, Норвегийн цаначин Роальд Ларсен 5 хүрэл медаль хүртсэн.

Тус наадамд оролцсон 16 улсаас 10 улсын баг тамирчид медаль хүртсэн бол медалийн тоо болон чанараар Норвеги улс 4 алт, 7 мөнгө, 6 хүрэл, нийт 17 медалиар тэргүүлсэн. Харин зохион байгуулагч Францын тамирчид 3 хүрэл медаль хүртсэн байдаг.

Ийнхүү Европ тивийн Австри, Бельги, Их Британи, Итали, Латви, Норвеги, Польш, Швед, Швейцар, хуучин Чехословак, хуучин Югослав, Унгар, Финланд, Франц, Америк тивээс АНУ, Канад улсууд Өвлийн Олимпийн наадмын анхны шанг татсан байна. 

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн