Өвлийн Олимпийн II наадам: Сент-Мориц-1928



  • Зохион байгуулагч орон: Швейцар улс (Европ тив)
  • Огноо: 1928 оны 2 сарын 11-ний өдрөөс 19-ний өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 25 улс (Европын 20, Хойд Америкийн 3, Өмнөд Америкийн 1, Азийн 1 улс)
  • Нийт оролцсон тамирчин: 464 тамирчин
  • Спортын төрөл: 8 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: Сент-Морицын Олимпийн цэнгэлдэх
  • Нээсэн хүн: Швейцарын ерөнхийлөгч Эдмунд Шультес

Францын Шамонид “Өвлийн спортын 7 хоног” амжилттай болсны дараа 1925 оны 5 сард хуучин Чехословак улсын нийслэл Прага хотноо болсон ОУОХ-ны 23 дэх удаагийн чуулганаар Өвлийн Олимпийн наадмыг 4 жил тутам зохион байгуулж байхаар тогтсон байна. Ингээд дараа жил нь буюу 1926 оны Португалын нийслэл Лиссабон хотноо болсон 24-р чуулганаар Швейцарын Сент-Мориц хотноо Өвлийн Олимпийн II наадмыг зохион байгуулах эрхийг өгчээ. Ийнхүү Өвлийн Олимпийн наадам албан ёсоор эхэлсэн түүхтэй.

Тус наадмаас спортын төрлүүдэд багагүй өөрчлөлт орсон. Тухайлбал кёрлинг, цэргийн манаа буюу орчин цагийн биатлоны үүсэл болсон спорт Олимпийн хөтөлбөрөөс хасагдсан. Ингээд бобслей, скелетон, шайбтай хоккей, уран гулгалт, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цана, цанын 2 төрөлт, трамплин харайлт гэсэн спортын 8 төрөлд зохион байгуулагдсан.

Канадын хоккейн шигшээ баг Олимпийн аварга цолоо хамгаалсан бол Финландын тэшүүрийн тамирчин К.Тунберг мөн 1500 м-н зайд аваргаа хамгаалсан байна. Тэгвэл хамгийн Сент-Морицын Олимпийн наадмаас Норвегийн тэшүүрчин Б.Эвенсен 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар медаль хүртсэн тамирчдаа тэргүүлсэн. Харин К.Тунберг 2 алтан медаль хүртсэн бол Норвегийн цаначин Й.Грёттумсбротен 2 алтан медаль хүртсэн.

 Сент-Морицын Өвлийн Олимпийн II наадмын бас нэгэн онцлог нь анх удаагаа Экваторын шугамнаас урагш орших улс оролцсон явдал байлаа. Энэ нь Өмнөд Америкийн Аргентин улс Өвлийн Олимпийн наадамд нэгдэж 10 тамирчнаа илгээсэн байдаг. Мөн Хойд Америкаас Мексик, Ази тивээс Япон, Европ тивээс Герман, Эстони, Литва, Люксембург, Нидерланд болон Румын улсууд Өвлийн Олимпийн наадамд оролцсон.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн