Өвлийн Олимпийн III наадам: Лэйк-Плэсид-1932



  • Зохион байгуулагч орон: АНУ (Америк тив)
  • Огноо: 1932 оны 2 сарын 4-15-ны өдөр
  • Оролцогч орны тоо: 17 улс (Европын 14, Хойд Америкийн 2, Азийн 1 улс)
  • Нийт оролцсон тамирчин: 252
  • Спортын төрөл: 7 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: Жеймс Б.Шеффилдагийн нэрэмжит Олимпийн цэнгэлдэх
  • Нээсэн хүн: тухайн үеийн Нью-Йорк мужийн амбан захирагч Ф.Рузвельт

1904 оны Зуны Олимпийн наадмыг зохион байгуулсан Америкчууд 1932 оны Өвлийн Олимпийн наадмыг эх орондоо анх удаагаа зохион байгуулах эрхийг авлаа. Ингэснээр Франц улсын дараа Зуны болон Өвлийн Олимпийн наадмыг хоюуланг нь зохион байгуулсан 2 дахь улс болсон юм. Тэд 1929 оны 4 сард Швейцарын Лозанн хотноо болсон ОУОХ-ын 27-р чуулганаар 1932 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Гэхдээ 1932 оны Олимпийн наадмыг “бараг” Америкчууд зохион байгуулах нь тодорхой байсан гэж хэлж болно. Учир нь 1932 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө АНУ-ын 7 хот, Канадын Монерал болон Норвегийн Осло хотууд өрсөлдсөн. Ийнхүү Хойд Америкт Өвлийн Олимпийн наадмын анхны жим гарсан түүхтэй. Мөн АНУ 1932 оны 2 сард Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан бол 7 сараас 8 сард Зуны Олимпийн наадмыг зохион байгуулсан байдаг.

Нью-Йорк мужид орших 4000 оршин суугчидтэй Лэйк-Плэсид хэмээх жижиг хотод Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахад Гүдфри Дью хэмээх эрхмийн дэмжлэг маш их байсныг дурьдах хэрэгтэй. Сент-Морицын Өвлийн Олимпийн наадамд Нэгдсэн Улсын тугчаар оролцож байсан Г.Дью санхүүгийн хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Америк орондоо, 4000 хүн амтай бяцхан хот Лэйк-Плэсиддээ Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулж чадсан байдаг. Түүний хичээл зүтгэлээр АНУ-ын Лэйк-Плэсид хэмээх бяцхан хот Дэлхийн сонорт хүрч чадсан юм.

Нью-Йорк мужийн Лэйк-Плэсидэд болсон Өвлийн Олимпийн наадам нь өмнөх 2 Өвлийн Олимпийн наадмыг бодвол оролцогч улс болон тамирчдын тоо багассан. Мэдээж энэ нь орон зайтай шууд холбоотой. Шамонид 16 улсын 258 тамирчин, Сент-Морицод 25 улсын 464 тамирчин оролцож байсан бол Лэйк-Плэсидэд 17 улсын 252 тамирчин өрсөлдсөн.

Өмнөх 2 Өвлийн Олимпоос медаль хүртээд байсан Их Британичууд анх удаагаа Өвлийн Олимпийн наадмаас медаль хүртэж чадсангүй. Харин Унгарчууд 3 дахь удаагаа Өвлийн Олимпийн наадамд оролцон байж анхны медалиа хүртлээ. Унгарын уран гулгалтын хосын төрөлд өрсөлдсөн Э.Роттер болон Л.Соллаш нар хүрэл медаль хүртсэн.

Лэйк-Плэсидийн Өвлийн Олимпийн наадамд АНУ-ын тамирчид 14 медалиас 6-т алтан медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн. Ялангуяа тэшүүрийн төрөлд өрсөлдсөн И.Яффе, Ж.Ши нар тус бүр 2 алтан медаль хүртсэн. Харин Норвегийн уран гулгалтын тамирчин С.Хени Олимпийн аваргаа хамгаалж Олимпийн наадмын хошой алтан медальт тамирчин болсон.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн