Й.Бьо тэргүүтэй Норвеги залуусын ээлжит түрүү



Рупольдингт буухиа уралдаанаар Дэлхийн цом үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн буухиа уралдаан болж Й.Бьо тэргүүтэй Норвеги залуус түрүүлжээ. Норвегийн шигшээ багтай хамтдаа Франц болон Оросын шигшээ багууд шагналын тавцан дээр гарсан.

  1. Норвеги (Л.Х.Биркланд, Т.Бьо, Э.Х.Свендсен, Й.Бьо)
  2. Франц (С.Детьё, К.Фийн-Майе, М.Фуркат, А.Гигонна)
  3. Орос (А.Волков, М.Цветков, А.Бабиков, А.Шипулин)

Буухиа уралдаанд Франц болон Италийн тамирчдын буухиа сонирхолтой байлаа. Францууд М.Фуркадыг 3 дээр, Италичууд Д.Виндишийг мөн 3 дээр гаргасан. Хэрвээ М.Фуркад 4 дээр гарч финиш хийсэн бол Й.Бьо болон М.Фуркад гэсэн сонгодог өрсөлдөөн үзэх байлаа. Гэвч Францын баг багагүй өөрчлөлт хийснээр залуу тамирчин А.Гигоннаг 4 дээр гаргаж финиш хийлгэсэн. Гэхдээ залуу тамирчин А.Гигонна багийн лидер М.Фуркадын хөдөлмөрийг “хөөдсөнгүй” гэж хэлж болно. Мэдээж Норвегийн Й.Бьод хожигдож мөнгөн медаль дээр буусан ч А.Гигонна яг энэ цаг үедээ бол Й.Бьотой тэшилтээр эн тэнцүү өрсөлдөх арай л болоогүй. Ийнхүү Норвегийн баг ээлжит алтан медалиа хүртсэн.

Норвегийн багт Л.Х.Биркландаас бусад нь яалт ч үгүй биатлоны мундагууд юм. Харин Оросууд энэ өдөр тун боломжийн уралдаж энэ улиралд анх удаагаа буухиа уралдаанаас медаль хүртэж байна. Оросуудын хувьд ердөө 4 сум алдсан боловч 3-р байранд орсон. Тэд медаль зүүсэндээ багийн лидер А.Шипулинд баярлах ёстой болов уу? Учир нь Оросууд ТОП-10-т багтсан багуудаас Словений дараа хамгийн бага сум алдсан боловч маш удаан тэшиж байсан.

Харин энэ өдөр Италийн шигшээ багийн амжилтыг Т.Ченал  хойш татлаа. Уг нь Д.Виндиш багаа чирч эхний 3-т оруулаад 4-дэх буухиадаа шилжүүлсэн ч Т.Ченал хангалтгүй байсан. Тэгвэл Австрийн багаас эргэн ирээд удаагүй байгаа Ланди тун сайн уралдлаа. Германчуудаас С.Шемпп болон Б.Долль нар тус бүр 4 сум алдаж 4-р байранд орсон.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн