Өвлийн Олимпийн V наадам: Сент-Мориц-1948



  • Зохион байгуулагч орон: Швейцар улс (Европ тив)
  • Огноо: 1948 оны 1 сарын 30-ны өдрөөс 2 сарын 8-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 28 улс (Европын 22, Хойд Америкийн 2, Өмнөд Америкийн 1, Азийн 3 улс)
  • Нийт оролцсон тамирчин: 669 тамирчин
  • Спортын төрөл: 9 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: Сент-Морицын Олимпийн цэнгэлдэх
  • Нээсэн хүн: Швейцарын ерөнхийлөгч Энрико Челио

1939 оны 9 сарын 1-нд Гитлерийн Германы эхлүүлж, дэлхийн 60 гаруй сая хүний амь насыг авч одсон Дэлхийн II дайны улмаас Олимпийн наадам 10 гаруй жил завсарласны эцэст эргэн ирлээ. Хар дарсан 6 жилийг даван туулсан хүн төрөлхтөн дахин Олимпийн 5 цагаригийн дор эргэн нэгдсэн юм. Ингэхдээ ОУОХ-ноос Герман болон Япон улсуудыг Сент-Мориц-1948 Өвлийн Олимпийн V наадамд оролцуулаагүй. Энэ нь ч зүй ёсны хэрэг байсан юм. Ингээд хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпийн наадам 12 жилийн дараа дахин сэргэсэн. Хэдийгээр Швейцар улс төвийг сахисан статусаараа дайны хөлд нэрвэгдээгүй ч Сент-Морицын Олимпийн наадам нь мөнгө санхүү, хүн хүчний хувьд нэлээдгүй бэрхшээлийг даван туулах шаардлагатай болж байсан.

7 жилийн дараа буюу Дэлхийн II дайны дараа жил 1946 оны 9 сард ОУОХ ээлжит чуулганаа Швейцарын Лозанн хотноо хуралдуулсан. Энэхүү хурлаар Зуны Олимпийн XIV наадмыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотноо, Өвлийн Олимпийн V наадмыг Швейцарын холбооны улсын Сент-Мориц хотноо зохион байгуулах эрхийг өгсөн. Ийнхүү Альпийн нурууны бэлд орших Сент-Мориц хэмээх бяцхан хот Олимпийн наадмыг 2 удаа зохион байгуулсан анхны хот болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Сент-Мориц-1948 Өвлийн Олимпийн V наадамд анх удаагаа баг тамирчид эх орныхоо тугаа барин жагссан байдаг. Мөн спортын хөтөлбөрт хэд хэдэн өөрчлөлт орсон. Скелетон буюу чарганы нэгэн төрлийн спорт 1928 оны Өвлийн Олимпийн наадмаас хойш эргэж Олимпийн хөтөлбөрт багтсан. Дээр нь цэргийн манаа буюу биатлоны үүсэл болсон спортын төрөл болон өвлийн пентатлоны төрлүүд үзүүлэх спортын төрлөөр багтсан.

12 жилийн дараа зохион байгуулагдсан Өвлийн Олимпийн V наадмын “од” нь Францын уулын цанын тамирчин Х.Орейе, АНУ-ын уулын цанын тамирчин Г.Фрайзер нар байсан юм. Х.Орейегийн хувьд тус Олимпийн наадмаас хамгийн олон медаль буюу 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн. Энэхүү амжилтаараа Х.Орейе Францын уулын цанын түүхэн дэх Олимпийн анхны алтан медальт тамирчин болсон байдаг. Тэгвэл АНУ-ын уулын цанын тамирчин Г.Фрайзер мөн 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж Нэгдсэн Улсын түүхэнд уулын цанын спортоор Олимпийн алтан медальт анхны тамирчин болон үлджээ.

Сент-Мориц-1948 Өвлийн Олимпийн наадмаас эхлэн Эстони, Латви, Литва улсууд нь тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтан Олимпийн наадамд оролцож эхэлсэн бол Азийн 2, Европын 2, Өмнөд Америкийн 1 улс Олимпийн их гэр бүлд нэгдэж тамирчнаа оролцуулсан. Өмнөд Америк тивээс Андын нурууны баруун хормойд орших Чили, Европ тивээс Ютландын хойгт орших Дани, цас мөсний орон Исланд, Ази тивээс Ойрхи Дорнодын Ливан, Солонгосын хойг дээр АНУ-ын дэмжлэг дор шинээр байгуулагдсан Өмнөд Солонгос улсууд Өвлийн Олимпийн наадамд анх удаагаа оролцсон байдаг.

 

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн