Өвлийн Олимпийн IX наадам: Инсбрук-1964



  • Зохион байгуулагч орон: Австри (Европ тив)
  • Огноо: 1960 оны 1 сарын 29-ний өдрөөс 2 сарын 9-ний өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 36 улс (Европын 23, Хойд Америкийн 2, Өмнөд Америкийн 2, Азийн 8 улс, Австрали Номхонй далайн бүсээс 1)
  • Нийт оролцсон тамирчин: 1091 тамирчин
  • Спортын төрөл: 10 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Бергизель” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: ерөнхийлөгч А.Шерф

Австри улс баруун өмнөд нутгийнхаа Инн голын хөндийд орших Инсбрук хотноо Өвлийн Олимпийн наадмыг анх удаагаа зохион байгууллаа. 1960 онд Өвлийн Олимпийн зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн ч АНУ-ын Скво-Валлид 2 саналаар ялагдаж байсан. Тэгвэл 1959 онд Германы Мюнхэн хотноо болсон ОУОХ-ны 55-р чуулганаар Австрийн Инсбрук хот 1964 оны Өвлийн Олимпийн IX наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Австричууд Канадын Калгари болон Финландын Лахти хотуудыг санал хураалтаар илт давуу ялсан. Ийнхүү Австричууд анх удаагаа “цагаан олимп”-ийг зохион байгуулсан юм. Гэхдээ Австричууд Өвлийн Олимпийг зохион байгуулахын тулд багагүй бэрхшээлтэй тулгарсан байдаг. Олимп болохоос хэдхэн хоногийн өмнө Инсбрукт бэлтгэлээ хийж байсан Австралийн уулын цанын тамирчин Р.Майлне, Их Британий люж чарганы тамирчин Казимирзс Кэй-Скржупески нар амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Мөн Олимп болохын өмнө цас багатай байсан тул армийн бие бүрэлдэхүүнийг дайчилж уулнаас их хэмжээний цасыг зөөж авчирсан. Энэ мэт бэрхшээлүүдтэй тулгарч байсан ч Инсбрук-1964 Өвлийн Олимпийн IX наадам нь орчин цагийн Олимпийн наадмын түүхэнд шинэ хуудас нээсэн. Анх удаагаа Олимпийн наадмын бамбарыг бадамлуулсан бол дэлхий нийтээр 1 сая хүн Олимпийн наадмыг зурагтаар хүлээн авч үзсэн гэдэг.

Инсбрук-1964 Өвлийн Олимпийн наадамд бобслейн төрөл эргэн ирсэн бол люж чарганы төрөл шинээр багтсан. Мөн гүйлтийн цанын эмэгтэй 5 км-н уралдаан, трамплин харайлтын нормал толгод төрөл нэмэгдсэн. Инсбрукт мөн л Зөвлөлтийн тамирчид ялгуусан амжилт үзүүлсэн. Тухайлбал, Оросууд хоккейн төрөлд түрүүлсэн бол гүйлтийн тэшүүрийн тамирчин Л.Скобликова Скво-Валлигийн Олимпийн наадамд үзүүлсэн амжилтаа ахиулан тэшүүрийн бүх зайд алтан медаль хүртсэн. Үүнээс гадна гүйлтийн цанын төрөлд К.Боярских 3 алтан медаль хүртсэн. Тэгвэл уулын цанын эгч, дүү тамирчид болох Мариэль Гуашель, Кристиан Гуашель нар алт, мөнгөн медалийг хуваан хүртсэн. Инсбрукт олон олон бахдам амжилтууд тэмдэглэгдсний зэрэгцээ Олимпийн наадмын түүхэнд анх удаагаа сэтгэл хөдлөм үйл явдал болсон байдаг. Бобслейн төрөлд өрсөлдсөн Италийн Э.Монти уралдааны явцад Их Британий багийн тамирчдад туслаж, Британий залуус алтан медаль хүртсэн. Үүгээрээ Э.Монти орчин цагийн Олимпийн наадмыг үндэслэгч Пьер де Кубертиний нэрэмжилт шагналыг хүртсэн байдаг.

Ийнхүү Өвлийн Олимпийн IX наадам Австрийн Инн голын хөвөөнд амжилттай зохион байгуулагдсан. Тус Олимпийн наадамд Ази тивийн төлөөлөл болох Монгол, Умард Солонгос болон Энэтхэгийн баг тамирчид анх удаагаа оролцсон. Умард Солонгос анх удаагаа оролцохдоо гүйлтийн тэшүүрийн төрөлд Хан Пхиль Хва эмэгтэйчүүдийн 3000 м-н төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Монгол улс анх удаагаа Олимпийн их гэр бүлд багтсан. Монгол улс спортын 3 төрөлд 13 тамирчнаа илгээсэн. Энэ нь Монгол улсаас Өвлийн Олимпийн наадамд оролцсон хамгийн өргөн бүрэлдэхүүн болон үлдсэн.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн