Уотфорд клуб дасгалжуулагчаа халсан 8 дахь баг боллоо



Английн Премьер Лигийн Уотфорд клуб Португал дасгалжуулагч М.Силваг ажлаас нь чөлөөлж Испаний мэргэжилтэн Ж.Грасиаг томиллоо. Ингэснээр Уотфорд клуб энэ улирал эхэлснээс хойш дасгалжуулагчаа солиод буй 8 дахь баг болж байна.

М.Силва өнгөрсөн оны 5 сард Уотфорд клубын дасгалжуулагчаар томилогдсон. Уотфорд клубыг удирдан улирлыг тун боломжийн эхлүүлж байсан ч улирлын явцад маш хангалтгүй үр дүн үзүүлэх болсон. Улирлын 24 тоглолтын дараах байдлаар 7 хожил, 5 тэнцээ, 12 хожигдол хүлээгээд байгаа бөгөөд сүүлийн 5 тоглолтоос ердөө 1 хожил, 1 тэнцээ авсан. Ийнхүү Португал мэргэжилтэн М.Силва Английн Премьер лигт ажилласан 2 дахь багтаа бас л амжилт олсонгүй. Түүнээс өмнө Халл Сити клубыг хагас улирал удирдахдаа мөн л хангалтгүй үр дүн үзүүлсэн.

Харин түүний халааг авч буй Испани мэргэжилтэн Ж.Грасиа анх удаагаа Английн Премьер лигт ажиллах гэж байна. Өмнө нь Испани, Грек болон Оросын лигт ажиллаж байсан ч төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй дасгалжуулагч ажээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн