Өвлийн Олимпийн X наадам: Гренобль-1968



  • Зохион байгуулагч орон: Франц (Европ тив)
  • Огноо: 1968 оны 2 сарын 6-ны өдрөөс 18-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 37 улс (Европын 24, Хойд Америкийн 2, Өмнөд Америкийн 2, Азийн 7 улс, Австрали Номхонй далайн бүсээс 2, Африкаас 1 улс)
  • Нийт оролцсон тамирчин: 1158 тамирчин
  • Спортын төрөл: 10 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: Олимпийн цэнгэлдэх
  • Нээсэн хүн: ерөнхийлөгч Шарль де Голль

Франц улс Өвлийн Олимпийн наадмыг 2 удаа зохион байгуулсан 3 дахь улс болон түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Өмнө нь Өвлийн Олимпийн наадмыг Швейцар улс 1928, 1948 онд, АНУ 1932, 1960 онуудад зохион байгуулж байсан. Тэгвэл анхны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулж байсан Франц улс 44 жилийн дараа Өвлийн Олимпийн наадмыг эх орондоо хүлээн авлаа. Орчин цагийн Олимпийн хөдөлгөөнийг санаачлагч Пьер де Кубертиний эх орон Франц улс тухайн үедээ хамгийн олон Олимпийн тоглолтыг зохион байгуулсан улс болж байжээ. Гренобль-1968 Өвлийн Олимп бол Францчуудын 4 дэх удаагаа зохион байгуулсан Олимп байсан юм. Франц улс Гренобль-1968 Өвлийн Олимпийн X наадмыг эрхийг авахын тулд Канадын Калгари, АНУ-ын Лэйк-Плэсид, Японы Саппоро, Финландын Лахти, Норвегийн Осло хотуудтай өрсөлдөн ялж авсан юм.

Гренобль-1968 Өвлийн Олимпийн Х наадам нь орчин цагийн Олимпийн түүхэнд хэд хэдэн шинэлэг зүйлийг нэвтрүүлсэн байдаг. Тамирчдаас анх удаагаа допингийн шинжилгээ авсан бол эмэгтэй тамирчдын хүйсийг анх удаагаа шалгаж байжээ. Мөн анх удаагаа Олимпийн наадамд зориулсан маскот танилцуулж байжээ.

Энэ мэтчилэн Гренобль-1968 Өвлийн Олимпийн наадам нь шинэ зүйлс анхлан нэвтрүүлснээс гадна спортын төрлүүдээр “бүл” нэмсэн байдаг. Биатлоны спортонд багийн буухиа төрөл багтаж анхны аваргаар нь А.Тихонов тэргүүтэй ЗХУ-ын баг алтан медаль хүртэж байжээ. Тэгвэл тус Олимпийн наадамд Францын тамирчин Ж.Килли уулын цанын доунхилл, слалом болон гиант слалом төрөлд гурвууланд нь алтан медаль хүртэж Австрийн уулын цаначин Т.Зайлерын 1956 оны Кортина д’Ампеццод үзүүлсэн амжилтыг давтсан юм. Тэдний уулын цанын дээрх төрөлд тогтоосон амжилт одоогийн байдлаар эвдэгдээгүй байна. Үүнээс гадна уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг хүртсэн АНУ-ын П.Флеминг гурван шүүгчийн 100%-н саналаар Олимпийн аварга цолыг хүртсэн бас нэг онцлог үйл явдал болсон юм. Мөн трамплин харайлтын төрөлд өрсөлдсөн Чехийн И.Рашка, ЗХУ-ын В.Белоусов нар тус тэмцээний түүхэнд 100 м-г давсан анхны тамирчид болсон байдаг. Олимпийн наадмыг медалийн тоо, чанараар Норвеги улс тэргүүлж, ЗХУ-ын баг удаалсан юм. Норвегийн баг 1956 оны Кортина д’Ампеццогийн Олимпийн наадмаас хойш анх удаагаа медалийн тоогоор тэргүүлсэн нь энэ байжээ.

Гренобль-1968 Өвлийн Олимпийн наадам нь Монголчуудын 2 дахь Өвлийн Олимпийн наадам байсан бол Африк тивийн Марокко улсын анхны Өвлийн Олимп байсан юм. Африк тивийн анхны “төлөөлөл” 1960 оны Скво-Валлигийн Өвлийн Олимпийн наадамд оролцож байсан. Тус наадамд ӨАБНУ анх удаагаа Африк тивийг төлөөлөн оролцож байсан бол 8 жилийн дараа Марокко улс “цагаан” олимпт оролцсон юм. Харин Монголчуудын биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд 7 тамирчнаа оролцуулж байжээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн