Д.Домрачева эргэн ирж байна



Биатлоны Дэлхийн цомын 6 дахь, нөгөө талаар Олимпийн өмнөх сүүлчийн гараа Италийн Антхольцид өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. Антхольцид болсон гарааны спринт төрөлд Норвегийн Т.Экхофф улирлын анхны, хөөх гараанд Германы Л.Далмайер улирлын 2 дахь, бөөн гараатай уралдаанд Беларусын Д.Домрачева мөн улирлын 2 дахь түрүүгээ хүртсэн.

Ойрын зайн буюу 7.5 км-н спринт төрөл:

  1. Т.Экхофф (Норвеги) – 21 мин 05.3 сек (0-0)
  2. Л.Далмайер (Герман) – +12.0 сек (0-0)
  3. В.Виткова (Чех) – +20.6 сек (0-0)

Норвегийн Т.Экхофф улирлын анхны түрүүгээ хүртлээ. Тэрээр улирлын турш чимээгүй байсан Т.Экхофф Антхольцид болсон спринт төрөлд 71-ээс гарч ганц ч сум алдалгүй буудаж нийт замаа 21 мин 05.3 сек-д туулж алтан медаль хүртсэн. Т.Экхофф энэ улиралд холимог багийн төрөлд л ганц медаль хүртээд байсан бөгөөд ганцаарчилсан төрлийн уралдаануудад ганц ч удаа ТОП-10-т багтаж чадаагүй байсан юм. Харин Чехийн В.Виткова энэ улирлын 3 дахь хүрэл медалиа зүүсэн байна.

Хөөх буюу 10 км-н цуваа гараа:

  1. Л.Далмайер (Герман) – 29 мин 45.0 сек (1)
  2. Д.Вирер (Итали) – + 17.3 сек (2)
  3. Д.Домрачева (Беларусь) – +20.2 сек (2)

Спринт уралдаанд дээгүүр өрсөлдөөн үзүүлсэн шилдэг тамирчид хөөх уралдаанд мөн адил амжилтаа хадгалах, цаашлаад ахиулах магадлал өндөр байдаг. Үүнчлэн спринт уралдаанд дэд байранд шалгарсан Л.Далмайер алтан медаль хүртсэн бол 4-р байранд орсон Д.Домрачева хүрэл медаль, 7-р байранд шалгарсан Д.Вирер мөнгөн медаль хүртсэн. Харин К.Макарайнен 26-с гараад 5-д, Л.Виттоцци 40-өөс гараад 9-д багтсан юм. Тэгвэл спринт уралдаанд түрүүлсэн Т.Экхофф 4 сум алдаж 4-р байранд орсон бол Казахстаны Г.Вишневская ганц ч сум алдаагүй боловч ердөө 6-р байранд орсон. Энэ нь түүнийг шилдгүүдийн өрсөлдөөнд орж ирэх болоогүй байгааг гэдгийг харуулсан болов уу?

Масс старт буюу 12.5 км-н бөөн гараа:

  1. Д.Домрачева (Беларуьс) – 40 мин 23.9 сек (1-0-0-0)
  2. А.Кузмина (Словак) – +11.9 сек (1-1-0-1)
  3. К.Макарайнен (Финланд) – +16.2 сек (1-0-2-1)

Магадгүй бөөн гараа бол жинхэнэ утгаараа биатлончдыг хэн нь хэн бэ гэдгийг харуулсан уралдаан болдог байх. Учир нь шилдэг 30 тамирчин нэгэн зэрэг гараанаас гарч өрсөлддөг онцлогтой. Тэр ч утгаараа энэ удаагийн бөөн гараатай уралдааны ТОП-10-т улс улсын шилдэг биатлончид чансаагаа харуулж багтсан. Тэр дундаа Беларусын Д.Домрачева өөрийгөө байгаа шүү гэдгээ зарлан тунхаглаж шилдгүүдийн шилдэг нь байж улирлын анхны алтан медалиа хүртсэн. Даша Антхольцид 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа нийлбэр дүнгээр 436 оноотой шилдэг 5-д орж ирж байна. Тэгвэл улирлын дундуур тун өндөр амжилт үзүүлсэн ч Рупольдингт болсон гараанаас хойш хэсэгтээ чимээгүй байсан А.Кузмина мөн эргэн ирж медалийн тавцан дээр гарсан байна. Харин Финланд бүсгүй К.Макарайнен дэд байранд шалгарч, тэргүүлэгчийн шар цамцаа Олимп өнгөртөл хадгалан үлдэх эрхтэй болж байна. К.Макарайнен хэрвээ 4-өөс бага сум алдсан бол медалийн өнгөө ч хувиргах боломж байлаа.

Ийнхүү Дэлхийн цомын ээлжит гараа явагдаж өндөрлөлөө. Одоо тамирчид ирэх сард болох Олимпийн наадамдаа бэлтгэнэ. Мэдээж энэ удаагийн Олимпийн наадамд Л.Далмайер, К.Макарайнен, Д.Домрачева, А.Кузмина, Д.Вирер нарын дунд гол өрсөлдөөн өрнөх болов уу? 

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн