М.Фуркад болон Й.Бьогийн тулаан үргэлжилсээр



Масс старт буюу бөөн гараатай уралдаанд Й.Бьо маш хангалтгүй буудсаныг эс тооцвол Антхольцид шилдэг нь байсан. Ерөнхийдөө энэ улиралд М.Фуркад, Й.Бьо нарын өрсөлдөөн голлож бусад биатлончид тэдний нүх сүвээр ганц нэгэн медаль “түүж” байна.

Ойрын зайн буюу 10 км-н спринт уралдаан:

  1. Й.Бьо (Норвеги) – 23 мин 19.3 сек (1-0)
  2. М.Фуркад (Франц) – 23 мин 32.1 сек (0-0)
  3. А.Пайффер (Герман) – 24 мин 01.5 сек (0-0)

Мэдээж гол өрсөлдөөн Францын залуугийн эсрэг Нореги залуугийн өрсөлдөөн байсан. Гэхдээ энэ өдөр Норвеги залуу дүү Й.Бьо М.Фуркадаас илүү хурдан байлаа. Учир нь тэр эхний хэвтээ буудлагаас 1 сум алдсан ч энэ нь түүнд алтан медаль хүртэхэд төдийлөн садаа болсонгүй. Харин Германы А.Пайффер улирлын анхны хүрэл медалиа спринт төрөлд хүртлээ. Герман залуугийн хувьд энэ улиралд анх удаагаа медалийн тавцан дээр гарч байгаа нь энэ ажээ.

Хөөх буюу 12.5 км-н цуваа гараа:

  1. Й.Бьо (Норвеги) – 31 мин 14.4 сек (0-0-0-0)
  2. М.Фуркад (Франц) – 32 мин 14.9 сек (1-0-0-0)
  3. А.Шипулин (Орос) – 32 мин 32.9 сек (1-0-0-0)

М.Фуркадын хувьд 1 сум алдсан нь түүний түрүүлэх магадлалыг багасгасан гэхэд болно. Учир нь түүний хүчтэй өрсөлдөгч Й.Бьо сум алдаж буудаагүй тохиолдолд түрүүлэх магадлал өндөр байсан юм. М.Фуркад эхний буудалтаас 1 сум алдсан бол Й.Бьо энэ өдөр огтхон ч алдаа гаргаагүй. Харин спринт төрөлд 4-р байранд шалгарсан А.Шипулин энэ өдөр хүрэл медаль хүртэж улирлын 2 дахь медалиа хүртсэн. Тэгвэл спринт уралдаанд хүрэл медаль хүртсэн А.Пайффер 4-р байранд шалгарсан байна.

Масс старт буюу 15 км-н бөөн гараа:

  1. М.Фуркад (Франц) – 40 мин 18.6 сек (0-1-0-1)
  2. Т.Бьо (Норвеги) – 40 мин 21.4 сек (1-0-0-1)
  3. Э.Бьёнтегор (Норвеги) – 40 мин 23.7 сек (0-1-0-1)

Тус уралдаанд дүү Й.Бьо тун хангалтгүй буудаж медалийн тавцанд гарч чадаагүй ч ах Т.Бьо нь дүүгээ нөхөж медалийн тавцан дээр гарлаа. Гэхдээ бөөн гараатай уралдаанд Норвеги залуус тун сайн уралдсан. Т.Бьо улирлын 3 дахь медалиа хүртсэн бол Э.Бьёнтегор улирлын анхны медалиа зүүж Й.Бьо, Э.Сведсен нар ТОП-10-т багтсан юм.

Ийнхүү Дэлхийн цомын 6 дахь гараа өндөрлөж байна. 7 дахь гараа Олимпийн наадмын дараа Финландын Контиолахтид 3 сарын 8-11-ний өдрүүдэд болно. Одоогийн байдлаар Дэлхийн цомыг нийлбэр дүнгээр М.Фуркад тэргүүлж байгаа бол Й.Бьо удаалж байна. Эдгээр залуусын хувьд Пёнчан-2018 Өвлийн Олимпийн наадмын гол фаворитууд байх нь дамжиггүй. Харин тэдний зай завсраар Я.Фак, А.Шипулин болон Норвеги, Герман, Франц, Австрийн залуус ганц нэг медаль хүртэх болов уу?

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн