Өвлийн Олимпийн X Iнаадам: Саппоро-1972



  • Зохион байгуулагч орон: Япон (Ази тив)
  • Огноо: 1972 оны 2 сарын 3-ны өдрөөс 13-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 35 улс (Европын 22, Хойд Америкийн 2, Өмнөд Америкийн 1, Азийн 8 улс, Австрали Номхонй далайн бүсээс 2)
  • Нийт оролцсон тамирчин: 1006 тамирчин
  • Спортын төрөл: 10 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Макоманай опен” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: эзэн хаан Хирохито

Дэлхийн II дайнд эсрэг дүрийн “гол баатар”-ын нэг явсан Япончууд дайны дараа өлсгөлөн, ядууралд нэрвэгдэж хүнд байдалтай байсан ч дайнаас хойш 19 жилийн дотор Зуны Олимпийн наадмыг Токио хотноо, 27 жилийн дотор Өвлийн Олимпийн наадмыг Саппоро хотноо зохион байгуулж чадсан юм. Япончууд Өвлийн Олимпийн XI наадмыг эх орондоо зохион байгуулахын төлөө АНУ-ын Солт-Лейк Сити, Канадын Банфф болон Финландын Лахти хотуудтай өрсөлдөн явж авсан. Япон улс Өвлийн Олимпийн наадмыг авахын тулд бүх нийтээрээ зүтгэсэн байдаг. Бүтээн байгуулалтыг ч өндөр түвшин гүйцэтгэж, засгийн газраас нь тухайн үедээ 500 сая ам.долларыг Олимпийн наадамд зориулж төсөвлөсөн. Энэхүү Япончуудын хичээл зүтгэл үр дүнгээ өгч ажиглагч болон тамирчдаас өндөр үнэлгээ авсан юм. Ийнхүү Япон улс Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан Ази тивийн анхны, Өвлийн Олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулсан 8 дахь улс, харин Ази тив Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан 3 дахь тив болон тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Японы 2 дахь том арал болох умард зүгийн Хоккайдо арлын Саппоро хотноо болсон Өвлийн Олимпийн XI наадамд ямар нэгэн спортын шинэ төрөл нэмэгдээгүй. Харин зохион байгуулагч Япончууд трамплин харайлтын төрлөөр анхны “цагаан” Олимпийн аваргаа өлгийдөн авсан. Японы “алтан” залуу Ю.Касаяа трамплин харайлтын жижиг толгод ангилалд 244.2 баллын амжилтаар алтан медаль хүртсэн. Гэхдээ Японы трамплин харайлтын тамирчид маш өндөр амжилттай оролцож жижиг толгод ангилалд алт, мөнгө, хүрэл медалийг бүгдийг нь хүртэцгээсэн. Анх 1956 оны Кортина д’Ампеццогийн Өвлийн Олимпийн наадмын уулын цанын төрөлд Ч.Игаяа анхны мөнгөн медалиа эх орондоо авчирч байсан бол ийнхүү Япончууд Өвлийн Олимпийн аваргатай болсон. Тэгвэл Япончуудтай адил Европын Пирнейн хойгийн “нарлаг” Испани орон мөн анхны “цагаан” Олимпийн наадмын аваргатай боллоо. Уулын цанын слалом төрөлд өрсөлдсөн Франциско Фернадес Очоа алтан медаль хүртсэн. Энэ нь уулын цанын төрлөөр Альпийн бүсийн (Швейцар, Австри, Франц, Итали) бус орны анхны Олимпийн аварга цолтон болсон юм.

Саппорогийн Олимпийн наадамд Канадууд хоккейн шигшээ багаа оролцуулаагүй нь багагүй сенсаци болсон юм. Олимпийн хоккейн үнэмлэхүй аварга Канадууд Саппород шигшээ багаа авчраагүй ч Зөвлөлт, Америк, Чехословак, Швед, Финланд зэрэг хоккейн хүчирхэг гүрнүүд хүрэлцэн ирсэн байлаа. В.Харламов...нарын шилдэг тоглогчдоос бүрдсэн Зөвлөлтийн баг анх удаагаа 3 Олимп дарааллан алтан медаль хүртэж Канадын адилаар хоккейн хүчирхэг гүрэн гэдгээ батлан харуулсан. Тэгвэл ганцаарчилсан спортын төрлүүдээс Зөвлөлтийн гүйлтийн цанын тамирчин Г.Кулакова, Нидерландын гүйлтийн тэшүүрийн тамирчин А.Схенк нар төрөл тус бүртээ 3 алтан медаль хүртэж, Саппорогийн тэнгэр дор “од” болон гялалзсан юм.

Харин Монголчуудын хувьд “шар” тивд анх удаагаа зохион байгуулагдсан Өвлийн Олимпийн XI наадамд спортын 2 төрлөөр 4 тамирчнаа сойж байжээ. Гүйлтийн цанын төрөлд Н.Сандагдорж, Д.Нарантунгалаг нар өрсөлдсөн бол тэшүүрийн төрөлд Л.Дашням (МУГТ), Л.Цэнд (МУГТ) нар өрсөлдсөн. Монгол улс анх 1964 оны Токиогийн Зуны Олимпийн наадамд оролцож байсан бол 8 жилийн дараа “цагаан” Олимпийн наадамд хүч үзэхээр Их Наран улсад газардаж байжээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн