Өвлийн Олимпийн XII наадам: Инсбрук-1976



  • Зохион байгуулагч орон: Австри (Европ тив)
  • Огноо: 1976 оны 2 сарын 4-ний өдрөөс 15-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 37 улс (Европын 25, Хойд Америкийн 2, Өмнөд Америкийн 2, Азийн 6, Австрали Номхонй далайн бүсээс 2)
  • Нийт оролцсон тамирчин: 1123 тамирчин
  • Спортын төрөл: 10 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Бергизель” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: ерөнхийлөгч Р.Кирхшлегер

Уг нь 1976 оны Өвлийн Олимпийн XII наадмыг АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болох ёстой байсан. 1970 оны 5 сард Нидерландын Амстердам хотноо болсон ОУОХ-ны хурлын санал хураалтаар Денвер хот 39 санал авч ялалт байгуулсан. Гэвч ердөө 6 сарын дараа ОУОХ Денвер хотын эрхийг цуцлахад хүрсэн. Учир нь мужийн иргэдийн эсэргүүцэл маш хүчтэй нөлөөлсөн юм. Ингээд ОУОХ удтал эрэл хайгуул хийсний үр дүнд 1973 оны 2 сард Австри улстай тохиролцоонд хүрч 1976 оны Өвлийн Олимпийн XII наадмыг Инсбрук хотноо зохион байгуулахаар зарласан бол Австри улс Франц, Швейцарь, АНУ-ын адилаар Өвлийн Олимпийн наадмыг 2 дахь удаагаа зохион байгуулсан 4 дэх улс болсон юм.

Инн голын хөндийд орших Инсбрук хот 12 жилийн дараа Олимпийн наадмыг дахин хүлээн авсан юм. Энэ удаагийн Олимпийн наадамд болсон нэгэн онцлог үйл явдал бол 2 бамбар ассан явдал байсан юм. Учир нь Австричууд 1964 оны Инсбрукын Олимпийн бамбарыг хамтад нь бадамлуулан асаасан байдаг.

Инсбрук-1976 Өвлийн Олимпийн наадамд уран гулгалтын спортод бүжгийн хосын төрөл гүйлтийн тэшүүрийн спортод эрэгтэйчүүдийн 1000 м-н төрөл нэмэгдсэн. Тэгвэл Канадууд дахин шайбтай хоккейн шигшээ багаа оролцуулаагүй. Ингээд тус Олимпийн наадамд ЗХУ-ын гүйлтийн цанын тамирчин Р.Сметанина 2 алт, 1 мөнгөн медаль, мөн Зөвлөлтийн гүйлтийн тэшүүрийн тамирчин Т.Аверина 2 алт, 2 хүрэл нар өндөр амжилт үзүүлсэн. Тэднээс гадна Баруун Германы Р.Миттермайер өндөр амжилт үзүүлж хошой алт, 1 мөнгөн медаль хүртсэн. Ялангуяа Р.Миттермайер уулын цанын слалом төрөлд алтан медаль хүртсэн анхны Герман тамирчин болсон. Мөн Их Британий эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга Ж.Карри анх удаагаа эх орондоо уран гулгалтын төрлөөр алтан медаль авчирсан. Түүнээс өмнө уран гулгалтын ганцаарчилсан төрөлд Швед, Америк, Австрийн тамирчид өндөр амжилт үзүүлж байсан.

Инсбрукын Олимпийн наадамд ЗХУ 13 алтан медаль хүртэж нийт 27 медалиар үнэмлэхүй амжилт үзүүлсэн. Харин Австричууд эх орондоо 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж 7-р байранд орсон. Тэгвэл Европ тивийн бяцхан улсууд болох Андорра, Сан-Марино улсууд анх удаагаа Олимпийн наадамд оролцсон бол Монголын баг тамирчид оролцоогүй.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн