Өвлийн Олимпийн спорт-2: Nordic Combined буюу цанын хос төрөл



Товчхон:

Өвлийн спортын сонирхол татам төрлүүдийн нэг бол цанын хос төрөл буюу нордик комбинэд төрөл юм. Энэхүү төрөл нь гүйлтийн цанын уралдаан болон цанатай харайх төрлүүдийн холимог төрөл болдог. Цанын хос төрөл нь мөн Скандинавын хойгоос гаралтай бөгөөд 1892 зохион байгуулсан цанын фестивалд анхны уралдаан зохион байгуулагдаж байжээ. Тэмцээн нь эхлээд тамирчид цанатай харайлтаа гүйцэтгэнэ. Харайлтын дүнг секундэд шилжүүлж, шилжүүлсэн сек-н хугацаагаараа тамирчид ар араасаа гараанаас гарч уралдана. Хоёр төрөл хоюул өөр өөр цанатай. Цанатай уралдахдаа чөлөөт тэшилтээр уралдах ба харайлтаа хангалтгүй гүйцэтгэсэн ч сайн тэшидэг бол нөхөх боломж бий. Цанын холимог төрөл бол тамирчнаас тэсвэр, тэвчээр, тэнцвэр, хурд, хүч гээд олон ур чадварыг шаарддаг спорт юм.

Олимпийн наадамд:

Өвлийн Олимпийн наадмын анхны спортын нэг бол цанын хос төрөл юм. Шамони-1924 Өвлийн Олимпийн анхдугаар наадамд оролцсон 16 орноос 9 нь уг спортын төрөлд тамирчнаа өрсөлдүүлж байсан. Тэмцээний эхний 3 байранд Норвегийн тамирчид шалгарч ба Т.Хауг анхны алтан медалийг хүртсэн. Гэхдээ эхлээд гүйлтийн цанын уралдаан явагдаад 2 өдрийн дараа цанатай харайх буюу трамплины уралдаан зохион байгуулагдсан. Хоёр тэмцээний аваргууд тус тусдаа тодорсон ч хоёр тэмцээний нийлбэр дүнгээр цанын хос төрлийн аваргыг мөн тодруулсан байдаг. Цанын хос төрөл Олимпийн наадмын түүхэнд эхлээд 10 км-н гүйлтийн цана болон 90 м-н харайлт гэсэн төрлөөр зохион байгуулагдаж эхлээд 1988 оны Канадын Калгаригийн Олимпийн наадмаас багийн төрөл нэмэгдсэн бол 2002 оны АНУ-ын Солт-Лейкийн Олимпийн наадмаас 10 км-н гүйлт болон 120 м-н том толгод гэсэн төрөл нэмэгдэж орсон. Энэ төрөлд зөвхөн эрэгтэй тамирчид өрсөлддөг. Одоогийн байдлаар Өвлийн Олимпийн хөтөлбөрт дараах 3 төрлөөр аваргаа тодруулж байна.

Үүнд:

  • Эрэгтэй 90м-н энгийн толгод/ 10 км
  • Эрэгтэй 120м-н том толгод/ 10 км
  • Эрэгтэй багийн

Алдарта тамирчид:

Цанын хос төрөлд Герман болон Норвегийн тамирчид хүчтэй өрсөлдөгчид юм. Германы У.Велинг 1972-Саппоро, 1976-Инсбрук, 1980-Лэйк-Плэсидийн 3 Олимп дарааллан аваргын алтан медалийг хүртэж байсан. Харин хамгийн олон Олимпийн медалийг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар Австрийн Ф.Готтвальд хүртсэн бол энэ цаг үеийн гол өрсөлдөгчид бол Германы Э.Френцель, Норвегийн Ё.Грабак нар болоод байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн