Солилцоо, наймааны эргэн тойронд



Английн Премьер лигийн Челси клуб Италийн Рома клубын Бразил хамгаалагч Эмерсоныг 17.4 сая пунтээр авч байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эмерсон өнөөдөр Лондон хотноо эмчийн үзлэгээр орох ажээ.

Английн Премьер лигийн Кристал Палас клуб доод лигийн Прэстон Норт Энд багийн довтлогч Ж.Хьюжиллтай 8 сая паунтын гэрээ байгуулжээ. 25 настай Англи довтлогч энэ улиралд Чампионшип дивизионд 10 гоол оруулаад байна. Түүний аваад буй Кристал Палас клубын довтлогч нар тун хангалтгүй тоглолтыг үзүүлж байгаа. Дасгалжуулагч Р.Хожсоны мэдэлд К.Бентекэ, Б.Сако нарын тоглогчид урд шугамын цөмийг бүрдүүлж байгаа ч хангалтгүй тоглож байгаа. Иймд Кристал Палас урд шугамандаа хүч нэмэгдүүлж доод лигээс довтлогч авч байна.

Английн алдарт Ливерпүүл клубын 28 настай довтлогч Д.Старриж улирлын сүүлчийн хагасыг Вест Бромич Альбион клубт өнгөрүүлэхээр болжээ. Д.Старриж энэ улиралд ердөө 3 гоол өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байна.

Испаний Барселона клубын довтлогч Ж.Деулофеу Английн Премьер лигт эргэн ирлээ. Тэр өнгөрсөн оны зун Премьер лигийн Эвертон клубээс Барселона клубт ирж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд хангалттай байж чадаагүй тул улирлын сүүлчийн хагасыг Эвертон клубт зээлээр өнгөрүүлэх болж байна.

Францын ПСЖ клубын бразил хагас хамгаалагч Л.Моура Английн Тоттенхэм Хотспур клубт ирж байна. Түүнийг Арсенал, Манчестер Юнайтед клубууд сонирхож байсан ч Тоттенхэм Хотспур клубын М.Почеттино 25 сая пунтын тохиролцоонд хүрч байгаа бололтой.

Италийн Рома клубын довтлогч Э.Жеког сонирхож байсан Английн Челси клуб Лондонгийн Арсенал клубын Франц довтлогч О.Жируг авах талаар яригдаж эхлээд байна.

Арсенал клуб Чили довтлогч А.Санчесаа Манчестер Юнайтед клубт алдсан бол зөрүүлээд Германы Бундеслигийн Боруссиа Дортмунд клубын Габон довтлогч П.Обамеянгтай тохиролцож байна. Арсенал клуб Габон довтлогчийн төлөө 60 сая пунт зарцуулж байгаа ажээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн